Хүний биемахбодод өвөрмөц, өөрчлөлтүүд явагдаж хүүхдээс “том хүн” болох шилжилтийн үеийг бэлгийн бойжилт гэж тайлбарлаж болно. Бэлгийн бойжилт хүн бүхний амьдралд тохиох эрүүл, бас хэвийн үзэгдэл. Бие махбодь төдийгүй сэтгэл санааны өөрчлөлтөөс үүдэн ичих, бусдаас санаа зовох, мөн баярлах, сандрах зэрэг сэтгэлийн маш олон мэдрэмж, харилцан адилгүй мэдрэгддэг. Хэрвээ бэлгийн бойжилтын талаар зохих мэдлэг болж, мэдээлэл авч байсан бол энэ үеэ стрессгүй давдаг. Хүүхдүүдийн хувьд бэлгийн бойжилтийн талаар хамгийн их итгэдэг, хайрладаг хүмүүс болох ээж аавтайгаа илэн далангүй, чөлөөтэй ярилцаж байсан бол ирээдүйн амьдралдаа илүү итгэлтэй, хариуцлагатай, болзошгүй эрсдлүүдээс сэргийлж чаддаг хүн болон төлөвшдөг. АНУ-ын Зохиолч, хүүхдийн сэтгэл санаанд медиагийн үзүүлэх нөлөөллийг илүүтэй судладаг профессор Диана Лэвин: «Хүүхдүүд бэлгийн харьцааны талаар ойлголттой болж байгаа нь ноцтой асуудал биш. Харин ч асуудлын гол нь хүүхдүүд юуг, хэдэн насандаа, хэнээс сурч байгаад л оршдог. Хүмүүсийн дунд тархсан нийтлэг ойлголт болон реклам сурталчилгаанаас бэлгийн харьцааны талаар авсан мэдээлэл нь хүүхдүүдэд хүчтэй нөлөөлж, муу үр дагаварт хүргэдэг гэж тайлбарласан нь бий. Хүүхэд залуус бие махбодод нь ямар өөрчлөлт гарахыг, өөртөө яаж анхаарал тавихыг, ёс журамгүй хүнээс өөрсдийгөө хэрхэн хамгаалахаа мэддэг байх ёстой. Харин үүнд юуг, хэзээ, хэрхэн тайлбарлах вэ гэдэгт эцэг эхчүүд анхаарч, бага ч болов судлан хүүхдүүдтэйгээ чөлөөтэй, илэн далангүй ярилцаж, бага наснаас нь эхлэн шат дараатайгаар ойлголт өгч чадвал ирээдүйн эрүүл иргэнийг төлөвшүүлдэг.
0-6 НАС
Хүүхдүүд 0-2 насанд бэлэг эрхтнээ танин мэдэж, хүйсийн ялгааг анзаарч эхэлдэг гэдгийг судлаачид онцолжээ. Хүйсийн ялгааг мэдэрч буйг бид охин хүүхэд аавдаа, хөвгүүд ээждээ илүү сайн ханддаг гэдгээр нь мэднэ. Харин 3-6 насандаа янз бүрээр шээж үздэг. Охид хөвгүүдийг дуурайн зогсоогоороо бие засах зэрэг нь биемахбодио танин мэдэж буйн нэг жишээ юм. Хэдийгээр балчир жаахан нас мэтээр эцэг эхчүүдэд санагддаг ч 2 насандаа хүүхдүүд өөрийн бэлэг эрхтний талаар төсөөлөлтэй болдог. Эсрэг хүйстэндээ татагдаж, бие биендээ таалагдаж эхэлдэг. Би хаанаас төрсөн бэ? Гэх мэтийн сониуч асуултууд асууж эхлэсэн бол та хүүхэддээ бэлгийн бойжилтын талаар анхны мэдэгдэхүүн олгох зүйлсийг хэлж өгч, ярилцаж болно.
Юунаас эхлэх вэ?
Хүү, охин чинь тантай харилцан ярилцах хэмжээнд хэл яриа нь хөгжөөгүй байгаа ч энэ нь[ түүний тархи таны хэлснийг ойлгож, тогтоож авах болоогүй гэсэн үг биш гэдгийг нэн түрүүнд сануулья. Бие эрхтнүүдийнх нь нэршлийг зөвөөр нэрлэж хэвшүүлэх, тайлбарлаж өгөхөөс эхлээрэй. Энэ насандаа хүүхдүүд эрэгтэй, эмэгтэй ялгаагүй гэртээ, тэр ч бүү хэл олон нийтийн газар ичимдэг эрхтнээрээ оролдох тохиолдол их байдаг. Энэ тохиолдолд хүүхдээ бусдын өмнө ичээж, шүүмжлэн загнахын оронд олон нийтийн газар ийм үйлдэл хийх нь тохиромжгүй гэдгийг тайлбарлаж ойлгуулах хэрэгтэй. Хүүхдүүд эцэг, эхийнхээ хариу үйлдлээс суралцдаг бөгөөд та өөрийнхөө үйлдэл, хийж буй зүйлс, гаргаж буй зан авиртаа онцгойлон анхаараарай. Мөн ээж нь охинтойгоо, аав нь хүүтэйгээ хамт усанд орж хэвших, ингэхдээ бэлгэ эрхтнийхээ ариун цэврийг хэрхэн сахих тухай ойлгомжтой тайлбарлаж,аав ээжээс нь өөр хүн шалтгаангүйгээр хүрэх нь буруу гэдгийг хэлж болно. Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ илэн далангүй, дотно харилцах нь хүүхдүүд өсвөр насандаа асуудалд орох хамгийн түрүүнд эцэг, эхдээ ханддаг болгодог.
1.5-6 насныхан хүүхдийн гэнэн байдлаар эсрэг хүйстэндээ татагдах, нэг нэгэндээ таалагдаж эхэлдэг. Зарим үед бүр нэг нэгнийхээ ичимдэг эрхтнийг сонирхох, хүрч үзэх нь бий. Энэ үед хүүхдээ буруутгаж, загнахын оронд анхаарлыг нь өөр зүйлд хандуулах хэрэгтэй. Физиологийн үйл явц тул хүндээр тусгаж авах хэрэггүй харин хүүхдийнхээ таалагдаж буй охин/хүүгийн талаар ярилцах, харилцааг нь дэмжих, хүн бүрд ийм сайхан мэдрэмж төрдөг гэдгийг хэлж өгөөрэй.
6-9 НАС
Энэ насны хүүхдүүдэд бэлгийн бойжилт, мөн чанартай нь холбоотой маш олон асуудлууд гарч ирдэг. Зарим хүүхдүүдэд 6-9 насанд нь бэлгийн бойжилтын эхэн үеийн шинж тэмдэг илрэх нь ч бий. Бэлгийн бойжилт нь үеийнхнээсээ түрүүлж эхэлсэн хүүхдүүд биеэ бусдад харуулахаас ичиж эхэлдэг. Охид ээжийнхээ дэргэд хүртэл хувцсаа солихоос ичиж, өөрийн гэсэн орон зай дутагдаж буй мэт мэдрэмж төрж, хэрэв түүнийг нь ойлгохгүй, өөрийнх нь хүслийг хүлээн авахгүй бол бухимдаж стресстдэг байна.
Энэ үед хэрхэн харилцах вэ?
Бэлгийн бойжилтын талаар анхан шатны мэдээллийг өгөх нь тохиромжтой. Хүүхдийнхээ асууж буй асуултыг хаалттай, хориотой сэдэв гэж “таслан зогсоох”-ын оронд тайлбарлаж байх хэрэгтэй. Тэд таниас хүүхэд хаанаас ирдэг вэ? Секс гэж юу вэ? Гэсэн гүнзгий асуултуудыг асууж ч мэднэ. Танай гэр бүл хүүхдүүддээ багаас нь бэлгийн бойжилтын талаар нээлттэй ярилцдаг, илэн далангүй, шударга гэр бүл бол энэ асуултад торолгүй хариулж хүүхдэдээ зөв ойлголт өгч чадна гэдэгт итгэлтэй байна. Харамсалтай нь дийлэнх эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ илэн далангүй ярилцдаггүй, тэр дундаа бэлгийн бойжилт, бэлгийн харилцаа гэсэн сэдвийг хаалттай болгосон байдаг. Хаалттай, харилцааны хувьд хүүхэд- эцэг эхийн харилцаа нь ирээдүйд гарч болох олон эрсдэлийг хүүхэд өөрийн биеэр туулах эрсдлийг бий болгодог. Цаашилбал буруу зуршилтай, өөртөө итгэлгүй хүн болгох нь ч бий. Хүүхдийн хувьд 6-9 нас бол бэлгийн бойжилт, бэлгийн амьдралын талаар анхан шатны мэдлэг олгох хамгийн тохиромжтой үе гэдгийг эрдэмтэд дуу нэгтэйгээр хэлдэг. Тиймээс эцэг эхчүүд минь хүүхдийнхээ төлөө цаг гарган энэ талын ном, сэтгүүл уншиж хүүхдийнхээ гэнэтийн ичмээр асуултуудын хариултаа бэлдэж аваарай.
9-12 НАС
Ихэнх хүүхдийн бэлгийн бойжилт энэ насанд эхэлдэг. Хөвгүүдэд үс ургаж, бэлгэ эрхтэн нь хөвчирч, нойтон зүүдэлж эхэлдэг бол охидын хөх ургаж, анхны сарын тэмдэг нь ирдэг. Энэ үед зарим хүүхдүүдийн хувьд аймшигт мангас болох батгашилт буюу арьсны асуудалтай тулгардаг. Зан араншингийн хувьд өөрчлөгдөж илүү ичимхий, хаалттай болох нь бий. Мөн бусдад сэтгэл алдарч, дурлаж, үерхэж эхэлдэг.
Энэ үед хэрхэн харилцах вэ?
Хүүхдүүд тань бэлгийн бойжилт гэж юу болох? Биед нь ямар ямар өөрчлөлтүүд гарч эхлэх? Уг өөрчлөлтийн үр дүнд бие, физиологи болон сэтгэл санаа нь хэрхэн өөрчлөгдөх? Бэлгийн замаар дамжих халдвар / БЗДХ / гэж юу болох? Хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох нь ямар муу нөлөөтэй? Жирэмслэлт гэхчилэн бүхий л сэдвээр ярилцахад хангалттай сайн ойлгох насанд хүрчээ. Тиймээс энэ талаар аав нь хүүтэйгээ, ээж нь охинтойгоо ярилцаж хэвших нь ирээдүйд гарах олон эрсдэлээс сэргийлэх, гэр бүлийн нандин харилцааг авч үлдэх олон давуу талтай.
Бэлгийн бойжилт, бэлгийн амьдралаас гадна хувь хүний төлөвшилд нь хамгийн их анхаарал хандуулж, зөвлөх ёстой үе нь энэ нас гэдгийг онцлоё. Охид, хөвгүүддээ сэтгэл хөдлөлөө зөв илэрхийлэх, бүх хүн ижил тэгш эрхтэй гэдгийг, зөвшөөрөлгүй хэн нэгний биед халдаж болохгүй, чиний бие чиний эзэмшил шүү гэдгийг хүйс ялгалгүй ойлгуулах хэрэгтэй. Өөртөө итгэлтэй, өөрийгөө эрсдлээс хамгаалж чаддаг хувь хүн болгон төлөвшүүлэхэд суурь болдог энэ насанд нь хүүхдүүдээ хайхралгүй орхиж болохгүй.