Ногоон гархан

ӨМНӨХ ҮГ

Хүн төрөлхтөн биднийг аз жаргалтай амьдрах хүчин зүйл бол хөдөлмөр. Манай улс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль, бодлоготой ч энэ нь бүх хүнд хамаатай байж чаддаг уу? Ялангуяа Тогтвортой хөгжлийн зорилгын үзэл санаа нь хөгжлийн гадна хэн ч үлдэх ёсгүй хэмээсэн байдаг. Тэгэхээр бодлогын гадна хэн үлдчихээд байгааг нэг анзаарья. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг хуулиар зохицуулсан ч хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 30 орчим хувь нь буюу 30 мянга гаруй нь ажил хөдөлмөр эрхэлж байна гэсэн судалгаа бий. Үлдсэн нь хэн бэ? Хүмүүнлэг ардчилсан нийгмийн хэн нь, хэдэн хувь нь хөдөлмөр эрхлэхгүй халамж хүртэнэ вэ? Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа гэж юу вэ? Хөдөлмөр эрхлэлт буюу ажлын байр нь ажил олгогчийн хувьд ашиг олох зориулалттай хөрөнгө оруулалт бол, ажилтны хувьд өөрийн болоод гэр бүлийн амьдрах зардлыг санхүүжүүлэхэд хангалттай хэмжээний орлого олох нэгэн боломж. Ингэхээр хөдөлмөрийг ажил олгогч болон ажилтны хооронд үүсч буй сайн дурын үндсэн дээр үүссэн харилцаа гэж тодорхойлно Энэ харилцаа нь хүнлэг, зохистой ажлын байр буюу хөгжлийн бэрхшээлтэй хүнд бол боломжит тохируулга хийсэн байх ёстой. Бодлого зохицуулалтын гадна үлдчихээд байгаа хөдөлмөр эрхлээгүй, хөдөлмөрийн харилцаанд ороогүй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн дунд оюуны чадварын хувьд олон нийтээс ялимгүй ялгаатай бүлэг хөдөлмөрлөх эрхээ эдэлж чадахгүй үлдэж байна. Тэд бусадтай адил амьдарч, хөдөлмөр эрхлэхийг хүсдэг ч олон саад бэрхшээл тулгардагийн томоохон жишээ нь та бидний хандлага юм. Тухайлбал оюуны ялгаатай чадвартай хүмүүсийг ажил хийх чадвартай, ажлын байрны шаардлага хангасан, үнэ цэнэтэй ажилтан мөн гэдэгт эргэлзсэн хандлага. Уг нь хүн болж төрсөн хэн бүхэн давтагдашгүй цор ганц бөгөөд, тиймээс ч бие биенээсээ ялгарч байдаг. Өөр өөрийн өнгөөрөө гэрэлтэн, амьдралаа өөрөө бие даан авч явахын тулд хөгжих, сурах, хөдөлмөрлөх, нийгэмших бүхий л явцад зарим нэг нь багахан дэмжлэгтэйгээр нийгмийн байр сууриа олж чаддаг бол зарим нэг нь бусдаас зөв ойлголт, эерэг хандлагатай байхад л өөрсдөө нийгэмдээ хөлөө олоод явж чадахаар үнэ цэнэтэй ХҮН. Хүмүүс бүх зүйлийг яг нэг аргаар, ижил сурдаггүй, адил хийдэггүй, нэг янзаар ойлгож харилцдаггүй. Бүхий л зүйлсийг өөртөө хүлээн авахдаа бусдаас ялгаатай, илэрхийлж ойлгуулахдаа ч өөр өөр байдаг ч хүн төрөлхтөн биднийг нэг л зорилго нэгтгэдэг, тэр нь “Хамтдаа аз жаргалтай байхын тулд би юу хийж болох вэ?” хэмээх бодол, хандлага, үйлдэл. Өвөрмөц, ялгаатай, бусдаас өөр аргаар сурч, хөдөлмөрлөдөг хүний үнэ цэнийг ойлгон мэдэрч хамтран ажиллах нь бидний зүрх сэтгэлийг зөөллөж, оюун бодлыг хүнээ бодсон шийдвэр гаргахад хөтөлдөг.

БИДНИЙ ТУХАЙ 

Оюуны ялгаатай чадвартай залуусыг ирээдүйн татвар төлөгч болж бие даан амьдрахад тус нэмэр оруулах зорилготойгоор хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй 4 ээж, ОЯЧ 7 залуу, багш, менежерийн хамтаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооны дэргэд “Ногоон гархан” урлан 2019 оны 8 сард байгуулагдан ажиллаж байна.

Байгалийн гаралтай түүхий эд хонь тэмээний ноосыг сүлжмэл урлалтай хослуулан бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна хоёрдогч түүхий эд ашиглан сувинер хийдэг. Мөн Япон улсын Саори урлалаар бүс, ороолт нэхдэг.

Саори урлал нь баруун, зүүн тархи зэрэг хөгжүүлэн, тархины үйл ажиллагааг идэвхжүүлж, тухайн хүн өөрийн хүссэн өнгө, загвараар урладаг онцлогтой. Саори бүтээл нь хүний дотоод сэтгэлийг илэрхийлэхээс гадна стресс, бухимдал тайлдаг давуу талтай.

Байгалийн гаралтай түүхий эд, хоёрдогч материал ашиглан, японы Саори сүлжмэл, эсгий, тэмээний ноосыг хослуулан төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ээжүүд, оюуны ялгаатай чадвартай залуус гар аргаар бэлтгэж, олон цагийн хүч хөдөлмөрөө зориулан, баяр хөөрөө шингээн, байгалийн гаралтай цэвэр түүхий эдээр бүтээгдэхүүнээ урлаж байна.

Манай бүтээгдэхүүнийг худалдан авснаар ТА нийгмээс ялгаварлагдан, гадуурхагдсан оюуны ялгаатай чадвартай залуусын эдийн засгийн баталгааг бий болгоод зогсохгүй, нийгэмдээ бусадтай хөл нийлүүлэн алхах боломжийг олгох юм.