Оюун ухааны бэрхшээлийн талаарх ойлголт

                 ОЮУН УХААНЫ БЭРХШЭЭЛИЙН ТУХАЙ

Оюуны хомсдол гэдэг нь хүний оюун ухаан хомсдох олон янзын өвчний нэрлэсэн ерөнхий нэр бөгөөд 1915 онд Германы эрдэмтэн Э.Крепелин анх гаргасан. Оюуны хомсдол бол хүн төрөлхтөний дунд нилээд түгээмэл тархсан эмгэг бөгөөд дэлхийн эрүүл мэндийн байгууллага ДЭМБ-н мэдээгээр гаргасан мэдээгээр аль ч оронд хүн амын 1-3% нь оюуны хомсдлын ямар нэг хэлбэртэй байдаг гэжээ. Оросын  сэтгэл судлаач эрдэмтэд оюун ухааны хомсдлыг анагаах ухааны талаас уураг тархины гэмтэлтэй холбон дараах байдлаар тодорхойлсон байна.

Оросын эрдэмтэн С.Я.Рубинштейн “Уураг тархины органик гэмтлийн улмаас танин мэдэх үйл ажиллагаанд нь тогтонги өөрчлөлт орсон хүүхдийг оюуны хомсдолтой гэнэ” гэж тодорхойлсон байна. Энэхүү тодорхойлолтонд үндэслэн оюуны хомсдлын тухайд дараах ерөнхий шинжийг ялган үзэж болно. Үүнд:

  • Уураг тархи, нуруу нугасны эд эсийн бодит гэмтэл
  • Танин мэдэхүйн үйл ажиллагаанд тогтонги өөрчлөлт орсон

Энэхүү 2 ерөнхий шинж тэмдэг хавсран илэрч байгаа тохиолдолд оюуны бэрхшээлийн талаар яригддаг. Харин аль нэг шинж нь дангаараа илрэх тохиолдолд оюуны хомсдлын тухай ярихад эргэлзээтэй гэж үздэг.

Оросын эрдэмтэн сэтгэл зүйч Л.С.Выготский оюуны хомсдолтой гэдэг ерөнхий нэрийн дор сургалтын явцад хөгжлийн дундаж түвшнээс хоцорч үндсэн хэсгээ гүйцээх чадваргүй байгаа бүлэг хүүхдийг ерөнхийдөө ойлгодог. Хомсдолтой хүүхдийн бүлэг нь бодит байдалд бүтцийн талаасаа маш хүнд нарийн байдаг. Учир нь хомсдлыг үүсгэж байгаа шалтгаан нь илрэх шинж нь олон янз юм. Үүнд:

  1. Өвчний улмаас хоцорсон. Энэ хэсэгт өвчнөөс шалтгаалсан хоцрогдол.
  2. Органик гэмтлийн улмаас хоцорсон гэсэн 2 бүлгийг ялгаж үзэж болох юм.Энэ нь ухаан нь байнга хомстох байдалтай эмгэг.

Оюун ухааны хомсдол нь сэтгэцийн өвчний ангилалд ордог тул эмгэг сэтгэл судлалын оношилгоог шаарддаг. Оросын сэтгэцийн эмгэг судлаач эрдэмтэд В.М Блейхер,И.В Крук нар дараах байдлаар томьёолжээ. ”Оюуны хомсдол”  гэдэг ойлголтын дор янз бүрийн шалтгаанаар үүссэн, ерөнхий ба нийтлэг шинж тэмдэг нь сэтгэцийн дутуу хөгжил болсон бүлэг өвчнийг, энэ нь юуны өмнө оюун ухааны дутуу хөгжлөөр илэрдэг ба харьцангуй тогтвортой даамжирсан бус ухаан суларлын хам шинжээр тодорхойлогддог.

Харин Барууны эрдэмтэд тэр дундаа АНУ-ын сэтгэцийн эмгэгийг судлах нийгэмлэгийн Сэтгэцийн эмгэгийн ангилал, оношилгооны гарын авлагад [DSM-4]-т оюуны хомсдлыг дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

  1. Оюуны чадамжийн ерөнхий түвшин дундажаас доогуурх
  2. Хүсэл сонирхлын шийдэл, орон нутаг дахь нөөц бололцоог ашиглах, бие даасан байдал, тодорхой түвшинд сурах чадвар, ажил эрхлэлт хооллолт, эрүүл мэнд аюулгүй орчинд дор хаяж 2-с дээш үйлдэлд хандах хариу үйлдэл нь илт алдагдсан.
  3. Оюуны хомсдолын шинж тэмдэг нь 18 хүртэлх насандаа илэрсэн байна  гэж заажээ.
  4. Мөн Америкийн сэтгэцийн эмгэг судлалын [AAMR] Холбооноос гаргасан дүрмийн 9-р заалтад [1992] “Оюун ухааны үйлдэл нь ухамсар дорой байдлаар илрэх ба аливаа орчин нөхцөлд дасан зохицох чадварын хувьд 2-с дээш үйлдэл дээр оюуны үйл ажиллагаа хязгаарлагдмал байх явдлыг оюуны хомсдол гэж үзнэ.” гэж заажээ.

Оюун ухааны хомсдлын тус бүрийн онцлогийг авч үзье.

  1. Хөнгөн IQ түвшин 50-55 буюу 70 ын хооронд

Энэ хэлбэрийн хомсдол нь аливаа юмс үзэгдлийн талаар тодорхой хэмжээгээр тогтоолттой, эргэцүүлэн бодох чадвартай, хийсвэр сэтгэхүй сул хөгжсөн, механик цээжлэх ой сайтай, энгийн хийсвэрлэх чадвартай, юмны учир зүйн холбоо, агуулга, чанарыг дутуу ойлгодог. Мөн аливаа далд утгатай үг, тооны  болон шинжлэх ухааны мэргэжлийн нэр томъёо хийсвэр ухагдахууныг сул эзэмшдэг. Харин өдөр тутмын байнга хэрэглэгддэг үг, ойлголт, үзэгдэл юмсын холбоог ойлгоно. Нийгмийн дасан зохицолт харцангуй сайн. Энэ төрлийн бэрхшээлтэй хүмүүс тохирсон тусламж авбал бие даан амьдрах чадвартай төдийгүй орчноос үзүүлэх тодорхой хяналтын дор ажиллаж хөдөлмөрлөх боломжтой. Ерөнхий боловсролын 4р ангийн ангийн ерөнхий эрдмийн мэдлэгийг эзэмших бүрэн чадвартай.

2. Дунд IQ түвшин 35-40, 50-55

Энэ хэлбэрийн оюуны хомсдлын үед үгийн нөөц хязгаарлагдмал, амьдралын шаардлагын дагуу үүссэн хамгийн энгийн ойр зуурын ярианы хэлтэй. Бие даах болон өөртөө үйлчлэх чадвар сул. Ойр зуурын хэрэгцээний механик ойтой юмыг зөвхөн мэдэрч танин мэдэх чадвартай ухаарч танин мэдэх чадвараар сул сэтгэлийн хөдөлгөөн тогтворгүй зэрэг шинжтэй. Хүрээлэн буй орчин юмс үзэгдлийн ойлголт, харцуулалт хангалтгүй танин мэдэхүй үйл сул хөгжсөн. Энгийн ойлголт ухагдахууныг л эзэмшсэн. Энэ хэсэгт хамаарах хүүхдүүд хүнийг дуурайх замаар хамгийн энгийн үйлдэл хөдөлгөөн зарим механик ажлыг гүйцэтгэж чадах боловч сурах үйл хүндрэлтэй явагдах ба багшийн болон насанд хүрэгчдийн байнгын хяналт, тусламжийг шаарддаг.

3. Хүнд  IQ түвшин нь 20-25, 35-40

Энэ төрлийн оюуны бэрхшээлтэй хүнтэй үгээр харилцаанд орох боломжгүй. Хүний хандсан яриа, түүнд өгч байгаа зааврыг ойлгохгүй. Хүмүүсийн байнгын асаргаа шаардана. Өөрийн хэрэгцээгээ дохио зангаа, тэмдгээр илэрхийлнэ. Оюуны хомсдолын энэ хэлбэр өөр бэрхшээлтэй хавсарсан давхар өвчтэй байхаас  гадна гол төлөв хэвтрийн өвчтэй асрамж сувиллын газар байдаг. Ийм төрлийн бэрхшээлтэй хүмүүс бие эрхтэний мэдэгдэхүйц бэрхшээлтэй аливаа өвчлөлд өртөмтгий тул амьдрах хугацаа богино байдаг.

4. Гүнзгий  IQ түвшин нь 20-25 хооронд

Оюуны хомсдлын энэ хэлбэр нь оюуны бэрхшээлтэй иргэдийн 1-2% эзэлнэ. Нялх байхдаа таван мэдрэхүй хангалтгүй хөгждөг.

Оюуны бэрхшээлтэй хүүхдийн хийсвэр сэтгэхүй сул дутуу хөгжсөний дээр, ихэвчлэн бодит шинжтэй байдаг. Хийсвэр сэтгэхүйн дутуу хөгжил өвчтөн бүрт түүний оюун ухаанаас  шалтгаалж янз бүрээр илэрдэг.

  • Нэгтгэн дүгнэх, ерөнхийлөх үйлдэл сул
  • Сэтгэхүй удирдан чиглүүлэх үүрэг сул
  • Сэтгэхүйн шүүмжлэлт чанар сул

Сэрэл хүртэхүйн сул байдлаас болж оюуны хомсдолтой хүүхдийн орчны төсөөлөл туйлын хязгаарлагдмал бага байдаг. Оюуны хомсдолтой хүүхдэд оюун ухааны дутуу хөгжилөөс гадна сэтгэлийн хөдөлгөөн, хүртэхүй анхааралын дутуу хөгжил ажиглагддаг.

Дээрх тодорхойлолт ангиллаас үзэхэд оюуны хомсдолын ерөнхий шинж тэмдэг нь оюун ухааны дутуу хөгжил буюу сэтгэцийн хөгжлийн саатал юм.

Оюуны хомсдлыг одоо манай улсын сэтгэцийн эрүүл мэндийн болон дэлхийн сэтгэцийн эмгэг судлалын оношилгооны практикт ДЭМБ-с боловсруулан мөрдөж байгаа. Олон улсын өвчний 10 дугаар ангилалаар дараах хэлбэрт хувааж ангилсан байна. Оюуны хомсдлын ангилалыг хүснэгтээр үзүүлбэл:

 

Код Монгол хэлээр Орос хэлээр Англи хэлээр
F70

Оюуны хөнгөн хомсдол

(IQ50-69)

Легкая умственная отсталость Mild mental retardation
F71

Оюуны хүндэвтэр хомсдол

(IQ35-49)

Умеренная умственная отсталость Moderate mental retardation
F72

Оюуны хүнд хомсдол

(IQ20-34)

Тяжёлая умственная отсталость Severe mental retardation
F73

Оюуны маш гүнзгий хомсдол

(IQ20-с бага )

Глубокая умственная отсталость Profound mental retardation
F78 Оюуны хомсдлын бусад хомсдол Другой тип умственная отсталость Other mental retardation
F79 Тодорхойлогдоогүй оюуны хомсдол Неуточненная умственная отсталость Unspecified mental retardation