Боловсролын салбар дахь хүүхдийг хөгжлийн бэрхшээлээр ялгаварлан гадуурхалтаас хамгаалсан эрх зүйн зохицуулалт, гомдол гаргах.
Хүүхэд хамгааллын тухай хуулинд
6 дугаар зүйл. Боловсролын салбар дахь хүүхэд хамгаалал
6.1.Сургалтын байгууллага хүүхэд хамгааллын бодлогыг тухайн байгууллагад хэрэгжүүлэхдээ хөтөлбөр, төлөвлөгөө гарган, мөрдөж ажиллана.
6.2.Сургалтын байгууллага, албан тушаалтан, багш, ажилтан эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн талаар таамагласан, мэдсэн, илрүүлсэн тохиолдолд Хүүхдийн эрхийн тухай хуулиар үүрэг хүлээсэн оролцогч талуудад заавал мэдээлнэ.
6.3.Сургалтын байгууллагад суралцаж байгаа хүүхэд бүрийг тухайн орчинд бие махбодийн шийтгэл, сэтгэл зүйн болон үе тэнгийнхний дарамт, үл хайхрах байдал, гэмт хэрэг, зөрчил, хорт зуршилд өртөхгүй байх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
6.3.1.сургалтын байгууллагын багш, ажилтан хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга эзэмших;
6.3.2.сургалтын байгууллагын багш, ажилтан суралцагчдын эрсдэлт нөхцөлд байгаа эсэхийг үнэлэх, судлах, зөвлөгөө өгөх;
6.3.3.сургалтын байгууллагын багш, ажилтан суралцагчдын хоорондын нөхөрсөг бус харилцаа, маргаан, зөрчлийг эвлэрүүлэх, зохицуулах, гэр бүлд нь мэдэгдэх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах;
6.3.4.хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд хохирол учруулж болохуйц үйл ажиллагаа, арга хэмжээнд хүүхдийг оролцуулахгүй байх;
6.3.5.хүүхдийг согтуурах, мансуурах, донтох байдалд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авах.
Хэвлэл, мэдээлэл, цахим орчин дахь хүүхэд хамгаалал
8.1.Эцэг, эх, асран хамгаалагч гэр бүлийн орчинд, багш, сургуулийн ажилтан сургуулийн орчинд, хуулиар үүрэг хүлээсэн төрийн байгууллага, хуулийн этгээд бусад орчинд өөрсдийн эрх, үүргээ хэрэгжүүлэх замаар хүүхдийг түүний хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд, сөрөг нөлөө үзүүлэхүйц тоглоом мэдээ, мэдээлэл зар сурталчилгаа, цахим сүлжээнээс хамгаална.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулинд
4.1.2.“хөгжлийн бэрхшээлээр нь ялгаварлан гадуурхах” гэж хөгжлийн бэрхшээлтэй хүн улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын харилцаанд иргэний үндсэн эрх, эрх чөлөөг бусадтай адил тэгш эдлэх, нийгмийн баялгаас тэгш хүртэх, хөгжилд хувь нэмрээ оруулах, тохирох хэрэглэгдэхүүнээр хангагдах боломжийг үгүйсгэх, хязгаарлах үйлдэл, эс үйлдэхүйг;
6.2.Түгээмэл загвар, тохирох хэрэглэгдэхүүн бүхий орчин нөхцөл, үйлчилгээний хүртээмжийг бүрдүүлээгүй байх, бүрдүүлэхээс татгалзах, нийгмийн үйлчилгээг бусдын адил тэгш хүртэх боломжийг хязгаарлах төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг ялгаварлан гадуурхалт гэж үзнэ.
6.3.Хөгжлийн бэрхшээлтэй хүний таатай, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох, улс төрийн эрхээ эдлэхэд энэ хуулийн 6.2-т зааснаас гадна иргэн, хуулийн этгээдийн дараахь үйлдэл, эс үйлдэхүйг ялгаварлан гадуурхалт гэж үзнэ:
6.3.3.хөгжлийн бэрхшээлээс нь шалтгаалан боловсролын үйлчилгээ үзүүлэхээс татгалзах, сурч боловсрох сургалтын орчин нөхцөлийг бүрдүүлэхгүй байх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийгэм, хамт олны дунд бие хүн болж төлөвших, хөгжихийг хязгаарлах, ялгавартай хандах;
2.1.Сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтан үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална.
2.1.1.Хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх;
2.1.2.Хүнлэг энэрэнгүй, шударга ёсыг дээдлэх;
2.1.3.Мэргэжлийн нэр хүнд, үнэ цэнийг хамгаалах;
2.1.4.Ёс суртахууны үлгэр дуурайлалтай ажиллах;
2.1.5.Чанартай, хүртээмжтэй боловсролыг эрхэмлэх;
2.1.6.Хуулийг чанд сахих, хариуцлагатай байх;
2.1.7.Аливаа ялгаварлан гадуурхалтаас ангид байх/тэгш байдлыг хангах
4.2.Ялгаварлан гадуурхалтаас сэргийлэх:
4.2.1.Хүүхдийг гэр бүлийн байдал, хөгжил, суралцах чадвараар нь ялгаварлахгүй байх, сурлагын амжилтыг бодитой үнэлэх;
4.2.2.Эцэг, эх, асран хамгаалагч, олон нийт, хамтран ажиллагчдаа нас, хүйс, хувийн онцлог, албан тушаал, мэдлэг, туршлагаар нь ялгаварлахгүй, адил тэгш хүндэтгэлтэй хандах, хамт олны эв нэгдлийг дээдлэх;
4.2.3.Сургууль, багшийн ажлын амжилтыг чухалчлан суралцагчийг олимпиад, уралдаан, тэмцээнд оролцох, элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээл болон хичээлийн тоог хязгаарлах эсхүл албадлага үзүүлэх үйлдэл гаргахаас зайлсхийх;
4.2.4.Сургууль, цэцэрлэгийн орчиндхүүхдийн эрүүл мэнд хохирох, бэлгийн дарамтад өртөх, үе тэнгийнхэнболон гадаад орчин, цахим орчны сөрөг нөлөөнд автахыг анхаараагүйгээс тэдний эрх, эрх ашиг хохирох байдалд хүргэхээс сэргийлэх;
4.3.Албан тушаалаа урвуулан ашиглахаас сэргийлэх:
4.3.1.Хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, хамтран ажиллагчдыг доромжлох, нэр төрийг гутаахгүй байх;
4.3.2.Хүүхдийн эрх, эрүүл мэндийг хохироох, амралт чөлөөт цагийг хасах замаар өөрийн ажлын амжилтыг урьтал болгохоос сэргийлэх;
4.3.3.Хүүхэд, гэр бүл, эцэг, эх, асран хамгаалагчтай холбоотой мэдээллийн нууцыг хадгалах;
4.4.Албадлага, дарамт үзүүлэхээс сэргийлэх:
4.4.1.Сургууль, цэцэрлэгийн нэр барьж сурагч, эцэг, эх, асран хамгаалагчаас хувийн холбогдолтой мэдээлэл гаргаж өгөхийг шаардахгүй байх, хүсээгүй мэдээллийг нь авахгүй байх;
4.4.2.Хүүхдийн бие махбод, сэтгэл санааны шийтгэл үзүүлэхгүй байх;
4.4.3.Хүүхдийн дунд сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа явуулахдаа сургууль, цэцэрлэгийн нэрийг барьж хүчээр албадахгүй байх;
4.4.4.Чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хувийн үзэл бодол, улс төрийн байр сууриа хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, хамт олонд тулган хүлээлгэхгүй, уриалахгүй байх;
4.4.5.Ном, сургалтын хэрэглэгдэхүүн, бусад зүйлийг тулган борлуулахгүй, хуульд заагаагүй төлбөр, хураамж, хандив өгөхийг шаардахгүй байх, хүлээн авахаас татгалзах;
4.4.6.Шударга, үнэн бодит шүүмжлэлд хүндэтгэлтэй хандах.
4.5.Бэлэг сэлт, хээл хахууль авахаас сэргийлэх:
4.5.1.Ажил, үүргээ гүйцэтгэсний төлөө сурагч, эцэг эхээс шан харамж, хээл хахууль авах, өгөхөөс татгалзах, зуучлахгүй байх;
4.5.2.Төгсөлт, элсэлт зэрэг албан ёсны арга хэмжээ, баяр ёслолын үед хүүхэд, тэдний асран хамгаалагч, эцэг эхийн зөвлөлийг үнэтэй бэлэг өгөхөөс аргагүй байдалд хүргэхгүй байх;
4.5.3.Хуульд заасан төлбөр, хураамж, хандив, хөрөнгийн зарцуулалттай холбоотой тайлан мэдээг цаг тухайд нь шударга, ил тод тайлагнадаг байх;
Ёс зүйн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журам
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Ёс зүйн зөвлөл нь /цаашид “Зөвлөл“ гэх/ “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм”-ийн хэрэгжилтэд хяналт тавих, ёс зүйн зөрчил гаргасан талаарх асуудлыг шалгаж, хариуцлага хүлээлгэх үндэстэй эсэх талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байгууллага мөн.
1.2.Зөвлөл нь “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм”, холбогдох хууль тогтоомж болон энэхүү журмын хүрээнд үйл ажиллагаа явуулна.
1.3.Зөвлөл нь үйл ажиллагаандаа тэгш хандах, шударга ёсыг баримтлах, нууцыг хадгалах, хараат бус байх зарчмыг баримтална.
Хоёр. Ёс зүйн зөвлөл
2.1.Зөвлөл нь аймаг, нийслэлийн Засаг даргындэргэд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтан, эцэг эх, асран хамгаалагч, нутгийн захиргааны болон орон нутгийн хүүхэд хамгаалал, боловсролын байгууллагын төлөөлөл бүхий 7-9 хүний бүрэлдэхүүнтэй байна.
2.2.Зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгох асуудлыг аймаг, нийслэлийн Засаг дарга, Боловсролын газар, зөвлөлийн бүрэлдэхүүний эрх ашгийг хууль ёсоор төлөөлөх олон нийтийн болон мэргэжлийн байгууллага хамтран зохион байгуулна. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг 4 жил тутам шинэчилнэ.
2.3.Зөвлөлийн бүрэлдэхүүнийг аймаг, нийслэлийн Засаг дарга батална.
2.4.Зөвлөл нь дарга, нарийн бичгийн дарга болон гишүүдийн бүрэлдэхүүнтэй байна. Зөвлөлийг аймаг, нийслэлийн Засаг дарга тэргүүлж, нарийн бичгийн даргаар боловсролын газрын дарга ажиллана.
2.5.Зөвлөл нь ёс зүйн зөрчил, авилга, ашиг сонирхлын зөрчлийн асуудлаар хариуцлага хүлээж байгаагүй гишүүдээс бүрдэнэ.
2.6.Зөвлөлийн гишүүн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд гишүүнээс чөлөөлж, нөхөн сонгоно.
2.7.Зөвлөл нь дараах чиг үүрэгтэй. Үүнд:
2.7.1.Багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн хэм хэмжээг сурталчлан таниулах, санал, зөвлөмж өгөх;
2.7.2.Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн хамт олны дунд багш, удирдах болон бусад ажилтны мэргэжлийн болон хувь хүний ур чадвар, хандлагад эерэг нөлөө үзүүлэх сургалт тогтмол зохион байгуулах;
2.7.3.Ёс зүйн зөрчил болон ашиг сонирхлын зөрчил үүссэн тохиолдолд дүн шинжилгээ хийж, учир шалтгааныг магадлан тогтоож шийдэх арга замыг тодорхойлох;
2.7.4.Хууль бус ямар нэгэн үйлдлээс урьдчилан сэргийлэх, сөрөг үр дагавар үүссэн нөхцөл байдлыг арилгах, зөрчил дахин давтагдахгүй байхад чиглэсэн урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа хэрэгжүүлэх;
2.7.5.Багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйтэй холбоотой өргөдөл, гомдол, дүгнэлтийг хүлээн авах;
2.7.6.Багш, удирдах болон бусад ажилтны үйл ажиллагаанд дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэх асуудлаар шалгалт явуулж, дүгнэлт гаргах, хариу өгөх;
2.7.7.“Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм”-ийг хэрэгжүүлэх талаар төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтийн талаар олон нийтэд болон Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнах;
2.7.8.Ёс зүйн зөрчил, хариуцлагын талаар мэдээллийн сан бүрдүүлнэ.
2.8. Зөвлөлийн гишүүн нь ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэх асуудлыг шалгах, нууцыг чанд хадгалах, хуралд оролцож санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хурлаас гарах шийдвэрт хариуцлагатай оролцох, ёс зүйн зөрчил гарсан эсэхэд саналаа хэлэх, зөвлөлийн даргын томилсноор зөвлөлийн хурлыг даргалах бүрэн эрхтэй.
2.9.Зөвлөлийн дарга нь зөвлөлийн гишүүний бүрэн эрхээс гадна зөвлөлийн хурлыг товлон зарлах, бэлтгэлийг хангуулах, хурлыг удирдах, гомдол, хүсэлтийг хүлээн авах, өөрийн эзгүйд зөвлөлийн хурлыг удирдах гишүүнийг томилох бүрэн эрхтэй.
2.10.Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь зөвлөлийн гишүүний бүрэн эрхээс гадна зөвлөлийн хурлын бэлтгэл ажлыг хангах, хурлын тэмдэглэл хөтлөх, хурлаас гарсан шийдвэрт бүх гишүүдээр гарын үсэг зуруулж, баталгаажуулах, баримт бичгийг эмхэлж архивын нэгж болгох, зохих байгууллага, хувь хүнд ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг хүргүүлэх зэрэг ажлыг гүйцэтгэнэ.
2.11.Ёс зүйн зөвлөлийн гишүүн дараах тохиолдолд гомдол, хүсэлтийг хянан шалгах ажиллагааг явуулж болохгүй.
2.11.1.Гомдол, хүсэлтийг өөрөө гаргасан бол;
2.11.2.Тухайн багш, удирдах ажилтан, гомдол, хүсэлт гаргасан этгээдтэй эсхүл тэдний гэр бүлийн гишүүдтэй төрөл, садан байвал;
2.11.3.Өөрөө шууд буюу шууд бусаар уг асуудалд хувийн сонирхолтой гэж үзэх үндэслэл байгаа бол;
2.12.Зөвлөлийн гишүүдийн 70 хувиас дээш ирцтэй хурлын шийдвэрийг хүчинтэйд тооцно.
2.13.Хурлын шийдвэр гишүүдийн олонхийн саналаар хүчин төгөлдөр болно.
2.14.Зөвлөл нь Засаг даргын тамгын газрын албан бичгийн хуудас, тэмдгийг хэрэглэнэ.
2.15.Зөвлөлийн гишүүдэд Засаг дарга болон Боловсролын газар, хэлтсийн төсөвт багтаан хууль тогтоомжид заасан хэмжээгээр урамшуулал олгоно.
Гурав. Гомдол, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх ажиллагаа
3.1.Багш болон бусад ажилтны ёс зүйн зөрчил гаргасан тухай гомдлыг тухайн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлага, удирдах ажилтан ёс зүйн зөрчил гаргасан тухай гомдлыг тухайн аймаг, нийслэлийн Зөвлөлийн дарга тус тус “Гомдол, хүсэлт гаргах маягт”(Хавсралт 3)-ын дагуу хүлээн авна. Амаар гаргасан гомдлыг гомдол гаргагчаас маягтаар баримтжуулж авна.
3.2.Гомдол хүлээн авагч нь гомдлын нууцлалыг чанд хадгална.
3.3.Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн түвшинд гомдол, хүсэлтийг шийдвэрлэх ажиллагаа:
3.3.1.Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн удирдлага гомдлын дагуу багш болон бусад ажилтныг ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг хянан шалгуулахаар 3 буюу түүнээс дээш хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилон ажиллуулна.
3.3.2.Ёс зүйн зөрчлийг хянан шалгахаар томилогдсон ажилтан, ажлын хэсэг нь гомдол, хүсэлттэй холбоотой нотлох баримт цуглуулж, тухайн асуудалд хамааралтай этгээдүүдтэй ярилцлага хийсний үндсэн дээр дүгнэлт, санал гарган Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн захирлын зөвлөлд танилцуулж шийдвэрлэнэ.
3.3.3.Сургууль, цэцэрлэгээс гаргасан шийтгэлийг эс зөвшөөрсөн тохиолдолд багш болон бусад ажилтан ёс зүйн зөрчил 3 буюу түүнээс дээш удаа давтан гаргасан тохиолдолд аймаг, нийслэлийн зөвлөлд гомдлоо гаргана.
3.3.4.Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн түвшинд ёс зүйн зөрчилтэй холбогдон гарсан гомдлыг 14 хоногийн дотор шалгаж дүгнэлт гаргана.
3.4.Зөвлөл гомдол, хүсэлтийг шийдвэрлэх ажиллагаа:
3.4.1.Ёс зүйн зөрчил 2 буюу түүнээс дээш удаа давтан гаргасан, удирдах ажилтны ёс зүйн зөрчилтэй холбогдон гарсан гомдлыг 30 хоногийн дотор шалгаж дүгнэлт гарган холбогдох байгууллага болон гомдол гаргагчид хариу мэдэгдэнэ.
3.4.2.Зайлшгүй тохиолдолд гомдлыг шалгах хугацааг 30 хоног сунгаж гомдол гаргагчид албан ёсоор мэдэгдэнэ.
3.4.3.Дүгнэлт нь нотлох баримтад үндэслэгдсэн байна.
3.4.4.Зөвлөлийн дүгнэлтэд үндэслэн эрх бүхий албан тушаалтан “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм”,Боловсролын тухай хууль болон холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу шийдвэрлэж, хариу өгнө.
3.4.5.Зөвлөл нь дүгнэлтийн дагуу авсан арга хэмжээнд хяналт тавьж ажиллана.
3.5.Ёс зүйн зөрчилд ногдуулсан хариуцлагыг үндэслэлгүй эсвэл, хүндэдсэн гэж үзвэл тухайн багш, удирдах болон бусад ажилтан 30 хоногийн дотор зөвлөлд бичгээр гомдлоо гаргаж болно.
3.6.Гомдол гаргагч багш, удирдах болон бусад ажилтан ёс зүйн зөрчил гаргасан талаар гүтгэсэн, худал мэдүүлсэн тохиолдолд түүнд холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж, учруулсан бодит хохирлыг барагдуулна.
3.7.Энэхүү үлгэрчилсэн журмыг үндэслэн аймаг, нийслэлийн хэмжээнд үйлчлэх Ёс зүйн зөвлөлийн ажиллах журмыгаймаг нийслэлийн засаг даргын захирамжаар батлан хэрэгжүүлж болно.
Ёс зүйн зөрчил гаргасан гэх гомдол /хүсэлт/-ийг дараах маягтын дагуу гаргана.
Гомдол, хүсэлт гаргах маягт
Огноо:
Нэр, хаяг, утасны дугаар:
Гомдол /хүсэлт/ гаргагчийн имэйл хаяг:
Хариуцагчийн нэр, албан тушаал, ажлын газар:
Гомдол /хүсэлт/-ийн агуулгыг товч танилцуулна уу.
Гомдол/хүсэлт/ гаргаснаар ямар үр дүнд хүрэхийг зорьж буйгаа танилцуулна уу.
Та асуудлыг шийдэхээр оролдлого хийж байсан уу. Дараах арга замуудаас аль нэгийг нь сонгон хэрэглэж үзсэн үү. Тийм бол баталгаажуулна уу.
1.Ёс зүйн зөрчил гаргасан багш, ажилтантай биечлэн уулзаж ярилцсан ч асуудал шийдэгдээгүй.
2.Сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн удирдлагатай уулзаж ярилцсан ч асуудал шийдэгдээгүй.
3.Аймаг, нийслэлийн холбогдох албан тушаалтантай уулзаж ярилцсан ч асуудал шийдэгдээгүй.
4.Миний бие Ёс зүйн дүрмийг уншиж танилцсан бөгөөд хамрах асуудал нь мөн хэмээн итгэж байна.
Та ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж буй болон гомдол /хүсэлт/ гаргасан талууд уулзаж болох өдөр сар, газар болон асуудлыг шийдэхэд зайлшгүй шаардлагатай шийдлийг санал болгоно уу. Мөн өөрийн гомдол /хүсэлт/-ийн нотлох баримтыг хавсаргана уу.
Дээр дурдсан бүх мэдээлэл үнэн зөв, бүрэн гэдэгт миний бие өөрийн мэдлэг, мэдээллийн хүрээнд баталж байна.
Гомдол/хүсэлт/ гаргагчийн гарын үсэг:
Гомдол/хүсэлт/ хүлээн авагчийн тэмдэглэгээ: