Тархины саажилт

ХҮҮХДИЙН ТАРХИНЫ САА

Тархины саа гэдэг нь хүүхэд насанд эрт үед илэрдэг, насан турш үргэлжлэх, биеийн  байрлал болон хөдөлгөөнд нөлөөлдөг  эмгэг юм. Энэхүү өөрчлөлт нь  бүрэн  хөгжөөгүй тархинд үүснэ. Жирэмсэн үед урагт, төрөх үед,  төрсний дараах 2 хүртэлх насанд үүсдэг. Олон төрлийн шалтгаантай. Шинж тэмдгийн илрэл нь хүүхэд бүрт харилцаН адилгүй. Үүнд: хэл яриа, танин мэдэхүй,  хараа,  сонсголын бэрхшээл, шинж тэмдгийн уналт таталт, хэл залгиурын  бэрхшээл, зан ааш, сэтгэл хөдлөлийн өөрчлөлт, бусад  эрхтэн тогтолцооны гаж хөгжил дагалдан гарч ирж болно. Тархины саатай ихэнх хүүхдүүд тэдний насны бусад  хүүхдийн адил хугацаандаа эргэж хөрвөж, сууж мөлхөж, хөлд  орж чаддаггүй. Тархины саатай хүүхдүүдийн 3/1 тохиолдолд амьдралын  эхний хэдэн жилүүдэд дээрх шинж тэмдгүүд илүү тод илрэх боловч, цаг  хугацаа өнгөрөхийн хэрээр гол бэрхшээлүүд гүнзгийрдэггүй.

Тархины саа нь дараах  хэлбэрүүдтэй байна:

  1. Чангарсан /спастик/   хэлбэр: Хамгийн түгээмэл тохиолддог хэлбэр  бөгөөд булчингууд чангарч, хөшүүн  болж, хөдөлгөөн  хязгаарлагдана. Энэ нь  их тархины гадрын хөдөлгөөний төв гэмтснээс болж үүснэ.
  2. Эмх замбараагүй /дискинетик/ хөдөлгөөнт хэлбэр: Булчингийн хүчдэл өөрчлөгдөн өөрийн хяналтгүй, ухамсарт захирагдахгүй, хүчилсэн хөдөлгөөн үүснэ. Энэ нь тархины суурийн зангилаа гэмтснээс болж үүснэ.
  3. Тэнцвэргүйдлийн  хэлбэр: Ховор тохиолдоно. Тэнцвэрээ хадгалж чадахгүй, чичирхийлсэн  хөдөлгөөнтэй,  орон зайн баримжаа муутай. Бага тархи гэмтсэнээс болж үүснэ.

Биеийн аль хэсэг саажсанаар нь авч үзвэл:

  • 4 мөчний саа: хоёр хөл, хоёр гар саажсан байна. Ихэнх тохиолдолд их биеийн ба нүүр амны булчинд нөлөөлнө.
  • Доод мөчний хос саа: хоёр хөл саажилттай, 2 гарт хөнгөн саа байж болно.
  • Тал биеийн саа: биеийн нэг талыг /гар, хөл/ хамарсан  саажилт байна.

Хөдөлгөөний чадвар  алдалтын  түвшин: Тархины саатай хүүхдийн хөгжлийн бэрхшээл биш, үйл ажиллагааны чадварыг ажиглах, эцэг  эхийн өгүүлэмжид  суурилан хөдөлгөөний чадвар үнэлгээ өгөх, энгийн, хялбар, хэмжигдэхүйц, ДЭМБ-ын эрүүл мэнд,  чадвар алдалт, үйл ажиллагааны олон улсын  ангилалд тохирсон ангиллыг  Канад улсын Мк Мастер Их сургуулийн Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн судалгааны Институтын” Хүүхэд чадна” төвөөс 2008 онд  боловсруулан гаргасан.  Тархины саатай хүүхдийг биеийн хөдөлгөөний чадвараар нь, наснаас нь хамааруулан 5 түвшинд ангилна. Бид энд товчлон ерөнхий ангиллыг  авч үзье.

“Тархины саатай хүүхдийн хөдөлгөөний үйлийн түвшин”-ий  ангилал

  • 1-р түвшин: Сайн алхана. Нарийн хөдөлгөөний эвсэл сул.
  • 2-р түвшин: Хүүхэд  ганцаараа явж чадна. Гэхдээ гадуур явах, шатаар  өгсөх, уруудах,  олон нийтийн дунд явахад  бэрхшээлтэй.
  • 3-р түвшин: Бусдын тусламжтай буюу нэмэлт туслах төхөөрөмжтэй алхана.
  • 4-р түвшин: Өөрөө хөдлөх чадвар хязгаарлагдсан. Гадуур болон олон нийтийн газар хүний тусламжтай эсвэл бүрэн автоматжсан хэрэгслээр тээвэрлэгдэнэ /зөвхөн  сууна/.
  • 5-р түвшин: Өөрөө хөдлөх чавдар хүнд зэргээр хязгаарлагдсан. Нэмэлт төхөөрөмжийн тусламжтай ч хөдөлгөөний хязгаарлалт хэвээр /хэвтрийн/

Тархины саатай 3 хүүхэд тутмын 2-т нь гарын  нарийн хөдөлгөөний бэрхшээл  тохиолдоно. Энэ нь идэж уух, хувцаслах, тоглох, бичих зэрэг өдөр  тутмын  үйл ажиллагаанд  нөлөөлдөг.

Тархины саажилтай хүүхдийн үндсэн  эмчилгээ бол хөдөлгөөн засал юм.  Орчин үед хүүхдийн хөдөлгөөнийг идэвхжүүлэх замаар, хүүхдээр өөрөөр нь  хийлгүүлэх маягаар  хөгжүүлэх нь чухал  гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч байна.

Эх сурвалж: Мэдрэлийн эмч П.Соёлмаа

Тархины саажилт, түүнийг сэргээн засах нь /хөдөлгөөн засалчийн зөвлөгөө/