ХОЛБООНЫ ДҮРЭМ

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбооны Их хурлаар 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр батлав. 

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХЭДТЭЙ ЭЦЭГ, ЭХИЙН ХОЛБООНЫ ДҮРЭМ 

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1. Энэ холбоог Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбоо гэж нэрлэх бөгөөд ХБХЭЭХ гэж товчилж бичнэ. Англи хэлээр ”Association of Parents with Differently-abled Children”, товчоор ”APDC” гэнэ.

2. ХБХЭЭХ нь (цаашид энэ дүрэмд “Холбоо” гэнэ) энэхүү дүрмийг хүлээн зөвшөөрч, ардчилсан зарчмын үндсэн дээр эвлэлдэн нэгдсэн хувь хүн, бүлэг, хамт олны сайн дурын, чөлөөт нэгдэл мөн.

3. Холбооны төв байгууллага нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод байрлах бөгөөд хөдөө, орон нутагт өөрийн салбаруудтай байж болно.

Холбооны төв байгууллагын хаяг: Улаанбаатар хот, Хан Уул дүүрэг, 1-р хороо, Наран хотхон, 21A-3 тоот, Утас: 976 – 70123336, Факс: 976-70123336, И-мэйл: info.apdcmongolia@gmail.com Web хуудас: www.apdc.mn Шуудангийн хайрцаг: УБ, 14192, 390 тоот хайрцаг.

4. Үүсгэн байгуулагч холбоог үүсгэн байгуулах тухай шийдвэрээр гишүүд нэгдэн чуулж, дүрмийг баталж, Улсын зохих шатны байгууллагад нь бүртгүүлснээр Холбоог байгуулагдсанд тооцно.

5. Холбоо өөрийн бэлэг тэмдэг бүхий уриа, дарцаг, эмблем, тэмдэг, нэрэмжит шагнал, харилцах данстай байна.

6. Холбоо, түүний нийт салбар нь өөрийн үнэт зүйл, зарчимтай байна. Холбооны бүх бодлого, стратеги, шийдвэр, үйл ажиллагаа нь энэ дүрэмд тусгагдсан үнэт зүйл, зарчимд суурилна. Холбоо нь Монгол улсын Үндсэн хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль, Монгол улсын бусад хууль болон Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцийн үзэл санаа, зарчмын дагуу үйл ажиллагаа явуулна.

7. Холбоо нь жилийн үйл ажиллагаа, санхүүгийн тайлангаа холбогдох байгууллагуудад хууль болон гэрээгээр тогтоосон хугацаанд гаргаж өгнө. Холбооны тайлан олон нийт, гишүүддээ нээлттэй байна.

8. Холбоо нь улс төр, шашинаас ангид, ашгийн төлөө бус, нийгэмд үйлчилдэг гишүүнчлэл 

бүхий төрийн бус байгууллага байна.

9. Холбоо нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын эрхийн хэрэгжилтийг хангах хамгаалахын төлөө тэдний асран хамгаалагчдын эвлэлдэн нэгдэх нөхцөл бололцоог бүрдүүлэх зорилготой, мэргэшсэн иргэний нийгмийн байгууллага байна. 

ХОЁР. ЗАРЧИМ

10. Хүний эрхэд суурилсан зарчмыг баримтална

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хүний эрхийн субъект бөгөөд сонголт хийх эрх чөлөө болон хүний бие даасан байдлыг оролцуулан хүний нэр төр, нандин чанар, хувийн хараат бус байдлыг хүндэтгэх;

11. Тэгш хамруулсан нийгэмд бидний хүүхэд өсч, бойжиж, хөгжинө гэдэгт итгэнэ. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ялгаварлан гадуурхаж тусгаарлан сургаж, хөгжүүлэх хандлагыг халж, нийгэмдээ үе тэнгийн найз нөхдийн хамт бага наснаасаа тусгай хэрэгцээндээ нийцүүлсэн хөгжлийн үйл ажиллагаанд хамрагдаж бие даан амьдрахад алс хэтийн бодлогыг чиглүүлнэ.

12. Хөгжлийн бэрхшээл нь хүмүүсийн ялгаатай байдал хэмээн хүлээн зөвшөөрч ажиллана. Хөгжлийн бэрхшээл нь хүний ялгаатай байдлын нэг хэсэг гэж хүлээн авч, хүүхдийн хөгжлийн онцлогийг хүндэтгэн хандана. Аливаа хүчирхийлэл, түрэмгийллээс ангид байж, хэнийг ч үл ялгаварлана.

13. Хуулийг удирдлага болгож, шударга ёсыг дээдэлнэ. 

Холбоо нь шударга ёсыг удирдлага болгон, үйл ажиллагаагаа Монгол улсын холбогдох хууль тогтоомжид нийцүүлнэ.

14. Ил тод, нээлттэй, ардчилсан зарчмаар ажиллана. 

Холбоо нь ардчиллын бүх үнэт зүйлсийг эрхэмлэн дээдэлж, үйл ажиллагаандаа бүрэн хэрэгжүүлнэ. Холбооны аливаа бодлого, шийдвэр, үйл ажиллагаа нь гишүүд, олон нийтэд ил тод, нээлттэй байна. 

ГУРАВ. ЭРХЭМ ЗОРИЛГО 

  1. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын эрхэм чанарыг хүндэтгэн, эрхийг нь бүрэн дүүрэн эдлүүлэх, нийгмийн амьдралд бие даасан, идэвхтэй иргэн болох нөхцлийг бий болгуулах нь эрхэм зорилго юм. 

ДӨРӨВ. АЛСЫН ХАРАА

16. Чадавхижсан эцэг, эх, асран хамгаалагчдын хүчийг дайчлан, олон нийтийг идэвхижүүлэх замаар нийтийн үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залууст хүртээмжтэй болгуулах 

ТАВ. ЗОРИЛТУУД

17. Зорилт 1. Эрхзүйн орчинг боловсронгуй болгох нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах,

18. Зорилт 2. Боловсролын орчинг таатай болгох замаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах боломжийг нэмэгдүүлэх,

19. Зорилт 3. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бага насандаа хөгжлийн хоцрогдлоо эрт илрүүлж, эрт үнэлгээ, эрт оролцооны хөтөлбөрт хамрагдах боломжийг бүрдүүлэхийн тулд Хүүхэд хөгжлийн төвийн загварыг үндэсний хэмжээнд нэвтрүүлэх

20. Зорилт 4. Байгууллагын тогтвортой хөгжлийг хангах чадавхийг бий болгох 

ЗУРГАА. ХОЛБООНЫ БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

21. Холбооны удирдах дээд байгууллага нь Их хурал байна. Их хурлын хооронд Удирдах зөвлөл 

удирдлагаар хангаж, Дүрмийн хороо ажиллана.

22. Холбооны гүйцэтгэх алба нь Төв байгууллага, салбар гэсэн бүтцээр ажиллана. Төв байгууллага нь Монгол улсын нийслэлд байрлана.

23. Салбар нь аймаг, нийслэлийн дүүргүүдэд байрлана. Салбарууд төв байгууллагын шууд удирдлага дор ажиллана. 

ДОЛОО. ИХ ХУРАЛ

24. Их Хурал нь Холбооны Удирдах дээд байгууллага мөн.

25. Их хурал нь холбооны гишүүдийн төлөөлөгчдөөс бүрдэнэ.

26. Их хурал дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ: Үүнд: 

а. Холбооны дүрэм, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг батлах;

б. Холбооны бодлого, стратегийг хэлэлцэх, батлах;

в. Удирдах зөвлөлийн гишүүдийн 30 хүртэлх хувийг нэн шаардлагатай тохиолдолд сонгох, чөлөөлөх, тайланг хэлэлцэх, үнэлэлт өгөх;

г. Дүрмийн хороог сонгох, чөлөөлөх, тайланг хэлэлцэх, үнэлэлт өгөх;

д. Холбоог өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргах.

27. Холбоо нь ээлжит болон ээлжит бус гэсэн хуралтай байна. Ээлжит их хурал нь 4 /дөрөв/ жил тутамд нэг удаа хуралдана. Ээлжит бус Их хурлыг Удирдах зөвлөл зарлан хуралдуулж болно. Ээлжит бус Их хурлын тов, хэлэлцэх асуудал, зарлах хугацаа болон төлөөлөгч сонгох зарчим нь ээлжит Их хуралтай адил байна.

28. Их хурлын тов, хэлэлцэх асуудал, төлөөлөгч сонгох журам болон төлөөлөгчдийн тоог Удирдах зөвлөлийн хурлаас тогтооно.

29. Их хурлын урилгыг хурал болохоос 2 сарын өмнө Холбооны Төв байгууллага төлөөлөгчдөд хүргүүлнэ.

30. Их хуралд сонгогдсон нийт төлөөлөгчдийн гуравны хоёр нь оролцсон тохиолдолд тус Их хурлыг хүчин төгөлдөр гэж үзнэ. Их хуралд гишүүн бүр нэг саналын эрхтэйгээр оролцох бөгөөд шийдвэрийг нийт оролцогчдын ердийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.

31. Их хурлыг чиглүүлэх, түүний явц, зохион байгуулалттай холбогдсон асуудлыг шийдвэрлэх, сонгууль удирдан явуулах, хурлын шийдвэрийг хэлбэржүүлэх зэрэг үүрэг гүйцэтгэх хуралдаан даргалагчийг тухайн хуралдаанаас сонгоно. Хуралдааны явцыг протоколд тэмдэглэж, хуралдаан даргалагч, протокол хөтлөгч нар гарын үсэг зурна. Хурлын шийдвэрийг хурал даргалагч гарын үсэг зурж баталгаажуулна. 

НАЙМ. УДИРДАХ ЗӨВЛӨЛ

32. Их хурал хооронд удирдах байгууллага нь хамтын удирдлагын зарчмаар ажилладаг Удирдах зөвлөл байна. 33. Удирдах зөвлөлийн чиг үүрэг: 

а. Их хурлыг зарлан хуралдуулах; Их хурлын шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт тавих;

б. Холбооны жилийн ажлын төлөвлөгөө, төсвийг батлах, гүйцэтгэлийг хэлэлцэх,

в. Холбооны бодлогыг тодорхойлох,

г. Үндэсний хэмжээний, өргөн суурьтай, хүчтэй хөдөлгөөн өрнүүлэх бодлого, стратегийг хэлэлцэх, батлах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн хэрэгжилтэнд хяналт тавих, санаачлах.

д. Гүйцэтгэх албаны үйл ажиллагааг стратегийн удирдлагаар хангах, Гүйцэтгэх ажлын албаны тайланг хэлэлцэж, үнэлэлт өгөх,

е. Гүйцэтгэх захирлыг сонгох, чөлөөлөх, Холбооны гүйцэтгэх албаны орон тоо, зохион байгуулалтын бүтцийг тогтоох,

ё. Гүйцэтгэх захирлын эрх, хэмжээг тогтоох,

ж. Хөрөнгө босгох, нөөцийг дайчлах бодлогыг тодорхойлох, дэмжлэг үзүүлэх,

з. Гишүүний татварын ангилал, шатлал, хэмжээг тогтоох.

34. Удирдах зөвлөлийн гишүүний хүлээх үүрэг хариуцлага 

а. Холбооны үнэт зүйл, зарчимд үнэнч байж, Холбооны эрх ашгийг хувийн, мэргэжлийн болон байгууллагын сонирхлоос дээгүүр тавих;

б. Ашиг, сонирхлын зөрчлөөс заилс хийх, Холбооны удирдлагад ил тодоор мэдээлэх, зохицуулах;

в. Хамтын ажиллагаандаа итгэлцлийг хадгалж, байгууллагын дотоод хэрэгцээнд гэсэн мэдээллийг бусдад тараах, түгээх, худалдахгүй байх

г. Холбооны болон өөрт нь итгэж мэдэгдсэн нууцыг хадгалах, хэн нэгнийг эрсдэлд оруулахаас заилсхийх;

д. Холбооны хөрөнгө, санхүүгийн болон бусад чадавхыг бэхжүүлэхэд анхаарлаа хандуулж, тогтвортой байдлыг хадгалахад дэмжлэг үзүүлэх;

е. Өөрийн байгууллага, салбарын эрх ашгийн үүднээс бус Холбооны Эрхэм зорилго, нийтлэг эрх ашгийн үүднээс асуудалд хандах.

35. Их хурлын төлөөлөгчдөөс Удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлнэ. Их хурлаас Удирдах зөвлөлийг 4 жилийн хугацаатай сонгох бөгөөд удирдах зөвлөл нь орон тооны бус 7 хүний бүрэлдэхүүнтэй байна. Удирдах зөвлөлийн гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувь нь ХБХүүхэдтэй эцэг эхчүүдээс бүрдэнэ.

36. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний гуравны нэгийг 4 жил тутамд ротацид оруулах буюу сэлгэнэ. Удирдах зөвлөлийн гишүүн нь нэг удаа улиран сонгогдож болно.

37. Удирдах зөвлөл нь Холбооны Их хурлын бус цагаар Их хурлын шийдвэрээс бусад шаардлагатай бүх асуудлаар шийдвэр гаргана.

38. Төрийн бус байгууллагын тухай Монгол улсын хуулийн 11 дүгээр зүйлийн 4-д заасны дагуу Удирдах зөвлөлийн гишүүн нь үүргээ гүйцэтгэх явцад гарсан зардлын нөхөн төлбөрөөс бусад ямар нэг цалин, урамшуулал, аливаа шагнал авахгүй.

39. Удирдах зөвлөлийн дарга нь Холбооны тэргүүн байна.

40. Удирдах зөвлөлийн гишүүн хүндэтгэх бус шалтгаанаар Удирдах зөвлөлийн хурал болон холбооны үйл ажиллагаанд оролцох боломжгүй болсон тохиолдолд уг гишүүнийг ээлжит бус их хурлаар сэлгэн сонгоно.

41. Удирдах зөвлөлийн хурлыг улирал тутамд хуралдуулна.

42. Удирдах зөвлөл дараахь асуудлаар шийдвэр гаргана. Үүнд: 

а. Холбооны жилийн төсөв, төлөвлөгөө батлах

б. Холбооны тогтвортой байдлыг хангах үйл ажиллагааны төлөвлөлт хийн, хэрэгжүүлж ажиллах

в. Холбооны гүйцэтгэх захирлыг сонгон томилох, чөлөөлөх, ажлын тайланг нь хэлэлцэн дүгнэх

г. Холбооны өмч хөрөнгийг захиран зарцуулах талаар гүйцэтгэх захирлын эрх, хэмжээг тогтоох

д. Шаардлагатай үед холбоог өөрчлөн байгуулах, татан буулгах талаар санал боловсруулж Их хуралд оруулах

43. Удирдах зөвлөлийн хурлыг Удирдах зөвлөлийн дарга бөгөөд холбооны тэргүүн зарлан хуралдуулна. Удирдах зөвлөлиин ээлжит бус хурлыг Гүйцэтгэх захирал болон тус зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонх буюу дөрөвний гурваас багагүй хүний саналаар зарлан хуралдуулж болно. Удирдах зөвлөлийн хурлыг гишүүдийн 70-аас доошгүй хувийн ирцтэй тохиолдолд хуралдуулна. Удирдах зөвлөлд сонгогдсон аймгийн гишүүнд Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, холбогдох материалыг урьдчилан хүргүүлж, саналыг бичгээр авсан нөхцөлд тухайн гишүүнийг удирдах зөвлөлийн хуралд оролцсонд тооцож болно. 

  1. Төрийн бус байгууллагын тухай Монгол улсын хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу Удирдах зөвлөлийн гишүүд нь аливаа асуудлыг шийдвэрлэхэд тэгш эрхтэй байх бөгөөд Удирдах зөвлөл нь хувь хүний асуудлыг нууцаар, бусад асуудлыг илээр санал хураах зарчмаар шийдвэрлэнэ.
  2. Удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлийг хөтлөхдөө тухайн хурлаар хэлэлцсэн асуудал, баталсан шийдвэр, нууц санал хураалтын тоог тэмдэглэнэ.
  3. Хэлэлцэх асуудлыг гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэж, холбооны суурь зарчимыг баримталсан шийдвэр хүчинтэйд тооцогдоно.

47. Гишүүд биечлэн оролцох боломжгүй тохиолдолд саналаа урьдчилан бичгээр өгсөн тохиолдолд оролцсонд тооцно. Мөн түүнчлэн УЗ-ийн хурлыг онлайн хэлбэрээр хийж болно.

48. Удирдах зөвлөлийн хуралд хуулийн зөвлөхийг урилгаар оролцуулж болно. Энэхүү хуулийн зөвлөх нь зөвлөх үүрэгтэй, саналын эрхгүй байна. 

ЕС. ДҮРМИЙН ХОРОО

49. Дүрмийн хороог Их хурлаас 3-аас доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэй сонгоно.

50. Дүрмийн хороо ажлаа Их хуралд тайлагнана.

51. Дүрмийн хороо нь Холбооноос гарч буй шийдвэр дүрэмд нийцэж буй эсэхийг хянах чиг үүрэгтэй байна.

52. Дүрмийн хороо нь дүрмийн зөрчилтэй холбогдох санал, хүсэлт, гомдлыг Холбооны Салбар, 

гишүүдээс бичгээр гаргасан тохиолдолд хүлээн авч, шаардлагатай гэж үзсэн асуудлаа нягтлан магадлана.

53. Дүрмийн хороо нь жилд 1-ээс доошгүй удаа хуралдаж, санал, дүгнэлт, шийдвэрээ бичгээр гаргаж, Удирдах зөвлөл болон Их хуралд танилцуулна.

54. Дүрмийн хороо нь Удирдах зөвлөл болон Гүйцэтгэх захиралд хариуцсан чиг үүргийн хүрээнд асуулт тавьж хариулт, тайлбар авах, баримт бичгүүдийг үзэх, нягтлах эрхтэй.

55. Холбооны дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл хангалтгүй биелүүлсэн салбар болон гишүүний, энэхүү дүрэмд заасан эдлэх эрхийг хязгаарлах, хасах асуудлыг Дүрмийн хорооны хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ. 

АРАВ. УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА

56. ХБХЭЭХ-ны Удирдах зөвлөлийн даргыг Удирдах зөвлөл нь нууц санал хураалтаар сонгоно. Удирдах зөвлөлийн даргыг улируулан сонгож болно.

57. Удирдах зөвлөлийн дарга нь Холбооны Тэргүүн байна.

58. Удирдах зөвлөлийн даргын (Тэргүүний) чиг үүрэг: 

а. Удирдах зөвлөлиин хуралдааныг Гүйцэтгэх захиралтай хамтран төлөвлөх, хугацааг товлох,

б. Удирдах зөвлөлийн хуралдааныг даргалах,

в. Тэргүүн нь Удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн Гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулан ажиллах,

г. Дүрэмд заасан буюу Удирдах зөвлөлөөс тухайн үед олгосон эрх мэдлийн хүрээнд Холбоог гадаад, дотоодод төлөөлөх,

59. Удирдах зөвлөлийн даргын эрх үүрэг

а. Удирдах зөвлөлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах,

б. Бодлогын чанартай асуудал боловсруулах, санал дүгнэлт гаргах,

в. Холбооны үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудлаар санал, дүгнэлт гаргаж, удирдах зөвлөлийн хуралд оруулах,

г. Зөвлөлийг төлөөлөн гүйцэтгэх удирдлагатай хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, биелэлтэд хяналт тавих

д. Зөвлөлийн хурлыг зарлан хуралдуулах,

е. Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрт гарын үсэг зурж баталгаажуулах, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих,

ё. Удирдах зөвлөлийн хурлыг даргалж, асуудлыг хэлэлцүүлэх, хурлын тэмдэглэл хөтлүүлэх,

ж. Шаардлагатай тохиолдолд гэрээ байгуулах, холбооны эрх ашгийг төлөөлөх зэргээр холбооны нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах эрх эдэлнэ.

АРВАН НЭГ. ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

60. Гүйцэтгэх захирал нь холбооны өдөр тутмын үйл ажиллагааг хариуцаж Удирдах зөвлөлөөс даалгасан үүргийг биелүүлнэ. Мөн батлагдсан төсөв, олгогдсон эрх мэдлийн хүрээнд холбооны хүний нөөц, ажлын албаны үйл ажиллагаа, санхүүгийн асуудлыг хариуцна. Үүнд:

а. Холбооны дүрэм, Их хурал болон Удирдах зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг хариуцан зохион байгуулах;

б. Холбооны тогтвортой үйл ажиллагаа, санхүүгийн тайлан, гүйцэтгэлийг хангуулах, Удирдах зөвлөлд танилцуулах

в. Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдах

г. Удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд байгууллагыг дотоод, гадаадад төлөөлөх

д. Холбооны нэрийн өмнөөс холбогдох байгууллагуудтай гэрээ, хэлцэл байгуулж ажиллах;

е. Удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд Холбооны хөрөнгийг захиран зарцуулж, санхүүгийн баримтанд нэгдүгээр гарын үсэг зурах, санхүүгийн хяналт тавих;

ё. Гүйцэтгэх захирал нь Төв байгууллагын гүйцэтгэх алба, салбарын үйл ажиллагааг удирдлагаар хангах.

ж. Төв байгууллагын гүйцэтгэх албаны ажилтнуудыг сонгон шалгаруулж томилон гэрээ байгуулж, чөлөөлөх, шагнаж урамшуулах, хариуцлага тооцох

з. Салбарын тэргүүлэгчдийн шийдвэрийн дагуу зохицуулагчийг томилж, чөлөөлөх, шагнаж урамшуулах, хариуцлага тооцох;

и. Холбооны гишүүдийн оролцоог хангах, хамтын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах; гишүүнчлэлийг өргөжүүлэх, хөгжүүлэх;

й. Холбооны үйл ажиллагааг санхүүжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эрх үүсвэрийг бүрдүүлэх, нөөцийг дайчлах.

61. Гүйцэтгэх захирал нь Их хурал болон Удирдах зөвлөлийн хуралд оролцож санал бодлоо илэрхийлэх эрхтэй. Гүйцэтгэх захирал нь Удирдах зөвлөлийн хуралд саналын эрхгүй оролцоно.

АРВАН ХОЁР. ХОЛБООНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГА 

  1. Холбооны төв байгууллага нь Улаанбаатар хотод байрлана
  2. Төв байгууллага нь холбооны гүйцэтгэх албаны дээд байгууллага бөгөөд бүхий л үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хадгалж, үнэт зүйл, зарчимтай нийцсэн, дүрмийн дагуух үйл ажиллагааг Стратегийн чиглэлийн дагуу төлөвлөн, зохион байгуулж ажиллана.
  3. Холбооны хөгжлийн тогтвортой байдлыг хангахын тулд бүхий л үйл ажиллагааг удирдан зохион байгуулна. Үүнд: а. Стратегийн удирдлага б. Хүний нөөцийн удирдлага в. Санхүүгийн удирдлага г. Үйл ажиллагааны удирдлага
  4. Салбаруудын үйл ажиллагааг зангидаж, арга зүйн удирдлагаар хангаж ажиллана.
  5. Жилийн нэгдсэн тайлагналтыг дараа жилийн 1-р сард хийнэ.
  6. Жилийн ажлын төлөвлөлтийг хийж, шаардагдах санхүүгийн төсвийг Удирдах зөвлөлөөр

батлуулж ажиллана.

68. Хөрөнгө босгох үйл ажиллагааг удирдан чиглүүлнэ. 

АРВАН ГУРАВ. ХОЛБООНЫ САЛБАР 

  1. Салбар нь 50-аас доошгүй тооны гишүүдтэйгээр байгуулагдана.
  2. Салбарын нь ХБХЭЭХ-ны эрхэм зорилго, алсын хараа, стратегитэй бүрэн нийцсэн үйл ажиллагаанд бие даан хөрөнгө босгож, дүрмийн хүрээнд ажиллана.
  3. Салбарын дээд байгууллага нь орон нутагт Тэргүүлэгчид байх болно. Салбарын тэргүүлэгчид 7 хүний бүрэлдэхүүнтэй байх тэргүүлэгчдийг 4 жилийн хугацаатай сонгоно. Тэргүүлэгчдийн хурлаар Тэргүүлэгчдийн даргыг 2 жилийн хугацаатайгаар сонгоно. Тэргүүлэгчид нь салбарын үйл ажиллагааны бодлого, төлөвлөлт, санхүүгийн үйл ажиллагааны удирдлага, салбарын тогтвортой оршин тогтнох нөхцлийг хариуцна.
  4. Тэргүүлэгчид нь салбарын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах Салбарын зохицуулагчийг томилно, чөлөөлнө.
  5. Салбар нь Холбооны дотоод журмыг мөрдөж ажиллана.
  6. Салбар нь хуулийн этгээдийн эрхгүй, салбарын тэмдэгтэй байна.

АРВАН ДӨРӨВ. ХОЛБООНЫ ГИШҮҮНЧЛЭЛ

75. Холбоо нь гишүүнчлэлийн нээлттэй бодлогыг баримтална.

76. Холбооны үнэт зүилс, зарчим, бодлого, стратеги, дүрмийг хүлээн зөвшөөрсөн хувь хүн, бүлэг, 

хамт олон, байгууллага нь холбоонд сайн дурын үндсэн дээр гишүүнээр элсэнэ. 

  1. Гишүүнчлэл нь дараахь хэлбэртэй байна. Үүнд: 

а. Холбооны гишүүн (Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүл, тэдний асран хамгаалагч)

б. Дэмжигч гишүүн (Холбооны үнэт зүйл, зарчим, стратеги, зорилго, үйл ажиллагааг дэмжин, эв санааны нэгдлээ илэрхийлж, бодлого, тогтолцоог шинэчлэхийн төлөө хувь нэмэр оруулах сонирхол бүхий хувь хүн, байгууллага)

в. Хүндэт гишүүн (Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хангах, хамгаалах болон Холбооны үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагааг манлайлан ажилласан хүнийг Холбооны Хүндэт гишүүн болгож болно.)

78. Холбооны гишүүд дараахь эрхийг эдэлнэ. Үүнд: 

а. Холбооны Удирдах зөвлөлд болон салбарын Тэргүүлэгч гишүүнд сонгох, сонгогдох,

б. Эрхээ хамгаалуулах,

в. Холбооноос хүүхэд, залуусын хөгжлийн чиглэлээр шаардлагатай мэдээлэл, аргазүйн  зөвлөгөө, дэмжлэг туслалцааг авах,

г. Холбооноос зохион байгуулж буй үйл ажиллагаанд хамрагдах,

д. Холбооны бодлого, шийдвэрийн хэрэгжилтэнд санал бодлоо чөлөөтэй хэлэх, тусгах,

е. Холбооны үйл ажиллагаа болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй холбоотой аливаа асуудлаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх,

79. Холбооны гишүүд дараах үүрэгтэй. Үүнд: 

а. Холбооны үнэт зүйл, зарчим, дүрэм, бодлого, стратегийг хүлээн зөвшөөрөх,

б. Хүүхдийн хөгжлийн онцлогийг ойлгож, ухамсарлах;

в. Гишүүд Холбооны дүрмийг сахин биелүүлж, Удирдах зөвлөл болон салбарын тэргүүлэгчдийн шийдвэрийг дагаж мөрдөх, Холбооны стратеги, бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд идэвх санаачилгатай оролцох;

г. Эцэг эх, асран хамгаалагч бол өөрийн хүүхдийг өөрийнх нь боломжит дээд чадварт хүргэн хөгжүүлэхийн тулд өөрийн идэвх зүтгэл, санаачлагыг гаргах;

д. Холбооноос зохион байгуулж буй бүхий л үйл ажиллагаанд идэвхитэй оролцох

е. Хүүхдийн хөгжлийг дэмжихэд шаардлагатай мэдлэг, чадавхиа дээшлүүлэхийн тулд шаардлагатай мэдээллээр өөрийгөө хангах

ё. Холбооны эсрэг сурталчилгаа явуулах, бусадтай тохиролцох, үгсэн хуивалдах зэрэг ямар нэгэн байдлаар нэр хүндэд нь халдаж, дарамт шахалт үзүүлэхгүй байх. Намчирхдаггүй, төрийн байгууллагаас болон аливаа улс төр, эдийн засгийн явцуу ашиг сонирхлоос хараат бус ажиллах;

ж. Гишүүн нь Холбоондоо татвар төлөх үүрэгтэй.

80. Гишүүний татвар 

а. Гишүүдийн сард заавал төлөх татварын хэмжээ 2000 төг

б. Дэмжигч гишүүд (хэрвээ хувь хүн бол) сард заавал төлөх татварын хэмжээ 5000 төг төлнө. Дэмжигч гишүүн хамт олон, байгууллага бол жилд заавал төлөх татварын хэмжээ 150.000₮ байна.

в. Хүндэт гишүүн нь гишүүний татвараас чөлөөлөгдөнө.

г. Гишүүний татварыг дараа жилийн 1 сарын 6-ны дотор заавал холбооны салбарын гишүүний татварын дансанд шилжүүлсэн байх үүрэгтэй. Гишүүн татварыг улирлаар болон жилээр хийж болно.

д. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гишүүнийг тодорхой хугацаанд татвараас чөлөөлөх буюу хөнгөлөлт үзүүлэх шийдвэрийг Гүйцэтгэх захирал гаргаж болно.

е. Гишүүн нь гишүүний татвараас гадна сайн дураар хандив, мөнгөн дэмжлэг үзүүлж болно.

ё. Холбооны гишүүнээс өөрийн хүсэлтээр гарч, чөлөөлөгдөж байгаа гишүүнд түүний өмнө нь төлсөн гишүүний татвар, хандивыг буцаан олгохгүй.

81. Холбооны гишүүнээс чөлөөлөлт 

а. Холбооны гишүүнээс сайн дураараа өөрийн хүсэлтээр гарч болно.

б. Холбооны гишүүнээс чөлөөлөх хүсэлтээ холбооны Салбарын тэргүүлэгчид бичгээр гаргана. Бичгээр хүсэлт гаргасан тохиолдолд гишүүнээс чөлөөлөгдсөнд тооцох бөгөөд Холбооны эрх барих, удирдах бүтцэд өөрийн төлөөлөлтэй байх болон бусад эрх, үүрэг дуусгавар болно. Гишүүний дэвтэрт чөлөөлсөн талаарх тэмдэглэл хийнэ.

в. Холбооны гишүүнээс дараахь тохиолдолд шууд чөлөөлнө. 

– Холбооны нийтлэг эрх ашиг, эв нэгдэлд харш, нэр хүндийг гутаахад чиглэсэн үйл ажиллагаа санаатай явуулсан, дэмжсэн, энэ төрлийн үйл ажиллагаанд оролцсон;

– Холбооны нэрийг ашиглан хууль бус үйлдэл хийсэн нь тогтоогдсон;

– Удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр Холбооны нэрийн өмнөөс мэдэгдэл хийсэн;

– Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гишүүнчлэлийн татвараа нэг жилээс дээш хугацаагаар төлөөгүй

– Гишүүний татвараа дараа жилийн эхний сарын 10-ны дотор бүрэн төлөөгүй гишүүнд 

холбооноос салбараас эхлээд аман дараа нь бичгээр сануулга өгөх бөгөөд энэ байдал 3 удаа давтагдвал тухайн иргэнийг гишүүнээс чөлөөлнө. 

АРВАН ТАВ. ХӨРӨНГӨ САНХҮҮ

82. Холбоо нь өөрийн өмч хөрөнгөтэй байна. Холбооны өмч хөрөнгө гэдэгт өмчлөл, эзэмшилд байгаа үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, оюуны үнэт зүйлс хамаарна. Холбооны өмч хөрөнгийг холбооны зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн дүрэмд заасан үйл ажиллагаанд захиран зарцуулна.

83. Холбоо нь дараахь орлогын эх үүсвэрээс санхүүжиж, үйл ажиллагаагаа явуулна. Үүнд: 

а. Гишүүнчлэлийн татвар, салбарын татвар, хандив;

б. Гадаад, дотоодын байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хандив, тусламж, бэлэг;

в. Төслийн болон гэрээт ажлын санхүүжилт;

г. Дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагаанаас олсон орлого;

д. Хууль тогтоомжийн хүрээнд олсон бусад эх үүсвэр

84. Төрийн бус байгууллагын тухай Монгол улсын хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу дараахь үйл ажиллагааг хориглоно. Үүнд:

а. Холбооны орлогоос ногдол ашиг хуваарилах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хөрөнгийн баталгаа гаргах, тэдгээрийн төлбөрийг төлөх

б. Холбооны эд хөрөнгөөр хувийн ашиг олох зорилгоор санхүүгийн буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулах

в. Аливаа сонгуульд нам, эвсэл, нэр дэвшигчдэд эд хөрөнгө, хандив өгөх

85. Холбоо татан буугдсан тохиолдолд холбооны хөрөнгийг ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг 

байгууллагад шилжүүлнэ. 

АРВАН ЗУРГАА. БУСАД АСУУДАЛ

86. Төрийн бус байгууллагын тухай Монгол улсын хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу холбоо сар, улирал, жил бүр тайлан тэнцэл, үйл ажиллагааныхаа тайланг гарган цаг хугацаанд нь холбогдох төрийн болон санхүүжүүлэгч байгууллагад хүргүүлнэ.

87. Холбооны гишүүн, Удирдах зөвлөлийн гишүүн, ажилтны хууль бус үйл ажиллагааны улмаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан хохирол, түүнээс үүсэх хариуцлагыг холбоо хүлээхгүй бөгөөд асуудлыг хуулийн байгууллагаар шийдвэрлүүлнэ.

88. Холбооны дүрмийг зөрчигчдөд Төрийн бус байгууллагын тухай Монгол улсын хуулийн 24 

дүгээр зүйлд заасны дагуу зохих хариуцлага хүлээлгэнэ. 

АРВАН ДОЛОО. ДҮРЭМД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ 

  1. Хурлын олонхийн саналаар дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж болно. Дүрэмд оруулах нэмэлт 

өөрчлөлтийн төслийг Гүйцэтгэх Захирал, Удирдах Зөвлөлийн дарга болон Удирдах зөвлөлийн гишүүд хамтарч урьдчилан боловсруулна.

90. Дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг эрх бүхий төрийн захиргааны байгууллагад бүртгүүлэх ажлыг 

Гүйцэтгэх Захирал зохион байгуулна.

91. Бүх гишүүдийн анхдугаар их хурлаас дүрмийг баталснаар Холбоо байгуулагдсанд тооцогдоно.

92. Холбоо байгуулагдсанаар дүрэм хүчин төгөлдөр үйлчилнэ. 

АРВАН НАЙМ. ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ, ТАТАН БУУЛГАХ 

  1. Холбоог өөрчлөн байгуулах, бусад байгууллагатай нэгдэх, салах, тараах шийдвэрийг зөвхөн Их хурал төлөөлөгчдийн гуравны хоёрын саналаар гаргана. Их хурал холбоог татан буулгах комиссын бүрэлдэхүүнийг баталж эрх мэдлийн хүрээг тодорхойлно. Улсын бүртгэлээс хасагдсанаар холбоог татан буусанд тооцно. 
  2. Татан буугдсан тохиолдолд үлдсэн эд хөрөнгийг ижил төстэй зорилго бүхий, нэг эсхүл хэд 

хэдэн төрийн бус байгууллагад шилжүүлэх, ийм этгээд байхгүй тохиолдолд дүрмэнд заасан зорилгод нийцсэн үйл ажиллагаанд зориулан зарцуулахаар шийдвэрлэнэ.