Хүүхдийн эрхийн зөрчил

Хүүхдийн эрх хангагдахгүй үед яах ёстой вэ?

Хүүхдийн эрхийн тухай хуульд зааснаар хүүхдийн эрхийн талаар мэдээлэл өгөх, гомдол нэхэмжлэл гаргана. Ингэхдээ

Хүүхдийн эрхийн талаар мэдээлэл өгөх, гомдол, нэхэмжлэл гаргах

19.1.Хүүхэд эрхээ зөрчигдсөн гэж үзвэл өөрөө болон эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, бусад иргэн, байгууллагаар уламжлан эрхээ хамгаалуулахаар хууль тогтоомжид заасан журмын дагуу гомдол, нэхэмжлэл гаргана.

19.2.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хүүхэд гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллага, баг, сум, хорооны хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, нийгмийн ажилтан нь хүүхдийн эрх зөрчигдсөн гэж үзвэл хуульд заасан журмын дагуу төрийн байгууллагад гомдол, хүсэлт, шүүхэд нэхэмжлэл, холбогдох албан тушаалтан, хуулийн этгээдэд хүсэлт, шаардлага гаргаж болно.

19.3.Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийг шалган шийдвэрлэх, хүүхэд хамгаалахтай холбоотой харилцааг хуулиар зохицуулна.

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулинд зааснаар

24 дүгээр зүйл. Хүүхдийн зөрчигдсөн эрхийг сэргээх талаар гомдол, нэхэмжлэл гаргах

         1. Хүүхэд эрхээ зөрчигдсэн гэж үзвэл өөрөө болон эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, бусад иргэн, байгууллагаар уламжлан эрхээ  хамгаалуулахаар хууль тогтоомжид заасан журмын дагуу гомдол, нэхэмжлэл гаргана.

         2. Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, нийгмийн ажилтан бусад иргэн хүүхдийн эрх зөрчигдсөн гэж үзвэл хууль тогтоомжид заасан журмын дагуу гомдол, нэхэмжлэл гаргаж болно.

Хүүхдийн эрхийн зөрчил гэж юу вэ?

Гэтэл хувь хүнийх нь хувьд хүлээн зөвшөөрөхгүй, эрхэм чанарт хүндэтгэлгүй хандах, хүүхдээ хамгаалахгүй байхыг эрхийн зөрчил гэж үзнэ. Хүүхдийн эрхийн зөрчлийг мэдээлэх тухай үүргийг иргэн бүр хүлээнэ.

Хууль тогтоомж, бодлого хөтөлбөр, бодит байдал хүүхдийн эрхийн талаар төрийн хүлээсэн үүрэгт нийцээгүй, шууд зөрчилдсөн буюу үүргээ биелүүлэхэд шаардагдахуйц арга хэмжээ авч, үр дүнд хүрээгүй тохиолдолд хүний эрхийн зөрчил үүснэ. Түүнчлэн, төр өөрөө хүний эрхийн хамгаалалтыг үгүй болгох, түүнээс татгалзах нь хүний эрхийг зөрчсөн хэрэг юм. Хүүхдийн эрхийг хангах хамгаалах нь иргэн бүрийн болон төрийн үүрэг бөгөөд хүүхэд эрхээ зөрчигдсөн гэж үзвэл өөрөө болон эцэг эх, асран хамгаалагч харгалзан дэмжигч, бусад иргэн байгууллагаар уламжлан эрхээ хамгаалуулахаар хууль тогтоомжид заасны дагуу гомдол нэхэмжлэл гаргана.

Өөрөөр хэлбэл хүүхдийн эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг зөрчсөн бол  Зөрчлийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулиар

6.20 дугаар зүйл. Хүүхдийн эрхийг зөрчих

/Энэ зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

1.Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, эсхүл хуулиар асран хамгаалах үүрэг хүлээсэн хүн, хуулийн этгээд:

1.1.хүүхдийг хувцас, хоол хүнс, орон байраар зориуд гачигдуулсан;

1.2.хүүхдэд эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй хоол хүнсний зүйлийг хэрэглүүлсэн;

1.3.хүүхдийг дархлаажуулалтад хамруулах үүргээ биелүүлээгүй;

1.4.хуулиар хүлээсэн асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Хүн, хуулийн этгээд нь:

2.1.хүүхдэд утаат тамхи татахыг санал болгосон, бэлэглэсэн, эсхүл утаат тамхи олж авах, хэрэглэхэд дэмжлэг үзүүлсэн;

2.2.хууль тогтоомжид заасны дагуу өмчлөх, өв залгамжлах, эсхүл ажил үйлчилгээний хөлс, урамшуулал авах эрхийг хязгаарласан;

2.3.хүүхдийн сурч боловсрох, хөгжих, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хязгаарласан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Хүүхдийг:

3.1.аливаа төлбөр, хураамжийг төлөөгүй үндэслэлээр хүүхдийн сурч боловсрох эрхийг хууль бусаар хязгаарласан;

3.2.өөрийнх нь болон эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүйгээр гэрэл зураг, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийг мэдээлэл, сурталчилгаанд ашигласан;

3.3.өөрт ашигтай байдал бий болгох зорилгоор хууль бусаар хүүхдийн нэрийг барьж, ашиг олох, эсхүл амь нас, эрүүл мэнд, нэр хүндэд нь харшлах, аюул учруулах тоглоом, наадам, бусад арга хэмжээнд оролцуулсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Хүүхдийн хүсэл зоригийн эсрэг шашны үйл ажиллагаанд татан оролцуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Сургууль, сургуулийн дотуур байр, өдөр өнжүүлэх төв, асрамж, халамжийн төв, хүүхэд хамгааллын төв болон хүүхдэд үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бусад байгууллага нь хүүхдэд аюулгүй, ээлтэй орчин бүрдүүлэх үүргээ биелүүлээгүйгээс хүүхдийн эрх зөрчигдсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол  хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.

7.Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

8.Хүүхдийн амь нас, эрүүл мэнд, хөгжилд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, мэдэгдэх, хүчирхийллээс үүдэлтэй эсэхийг шалгах үүргээ биелүүлээгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Мөн  Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулиар

44 дүгээр зүйл. Гомдол, нэхэмжлэл гаргах

44.1.Хөгжлийн бэрхшээлтэй хүн хуульд заасан эрх нь зөрчигдсөн гэж үзвэл иргэн, хуулийн этгээдээс зөрчлийг арилгуулахыг шаардах, холбогдох хуульд заасны дагуу гомдол, нэхэмжлэл гаргах эрхтэй.

44.2.Иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллага хуульд заасан эрхийг хязгаарласан, ялгаварлан гадуурхах үйл ажиллагааг явуулсан гэж үзвэл хөндөгдсөн эрхээ хамгаалуулахаар гомдол гаргах эрхээ шууд болон төлөөллөөрөө дамжуулан хэрэгжүүлнэ.

“Хөгжлийн бэрхшээлтэй хүн” гэдэгт бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь орчны бусад саадтай нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох чадвар нь хязгаарлагдсан хүнийг хамааруулна.Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4.1.1

Хүүхдийн эрхийн зөрчил гарвал хаана хэрхэн хандах вэ?

 Хүүхдийн эрхийн зөрчлийн талаарх мэдээллийг Хүүхдийн утас 108-д, бүх сум хороонд ажиллаж байгаа хамтарсан баг эсвэл гэр бүлийн хүчирхийллийн үед 107 тоот утсаар, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн асуудлаар 95907012, 70123336 тоот утсаар хандаж болно.