Эрүүл мэндийн үйлчилгээн дэх хөгжлийн бэрхшээлээр хүүхдийг ялгаварлан гадуурхалтаас сэргийлсэн эрх зүй.
7 дугаар зүйл. Эрүүл мэндийн үйлчилгээн дэх хүүхэд хамгаалал
7.1.Эрүүл мэндийн ажилтан ажил, үүргээ гүйцэтгэх явцдаа эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн талаар таамагласан, мэдсэн тохиолдолд хүүхдийн асуудал эрхэлсэн орон нутгийн ажилтан, албан тушаалтан, эсхүл цагдаагийн байгууллагын алба хаагчид заавал мэдээлнэ.
7.2.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ хүүхдийн, түүний гэр бүл, хувийн нууцад хамаарах мэдээллийг хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд байгууллага, албан тушаалтан, хувь хүнд мэдээлэхийг хориглох бөгөөд задруулснаас үүдэн гарах үр дагаврыг өөрөө хариуцна.
7.3.Эрүүл мэндийн байгууллага эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хуульд заасны дагуу үзүүлнэ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай
4.1.2.“хөгжлийн бэрхшээлээр нь ялгаварлан гадуурхах” гэж хөгжлийн бэрхшээлтэй хүн улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын харилцаанд иргэний үндсэн эрх, эрх чөлөөг бусадтай адил тэгш эдлэх, нийгмийн баялгаас тэгш хүртэх, хөгжилд хувь нэмрээ оруулах, тохирох хэрэглэгдэхүүнээр хангагдах боломжийг үгүйсгэх, хязгаарлах үйлдэл, эс үйлдэхүйг;
6.2.Түгээмэл загвар, тохирох хэрэглэгдэхүүн бүхий орчин нөхцөл, үйлчилгээний хүртээмжийг бүрдүүлээгүй байх, бүрдүүлэхээс татгалзах, нийгмийн үйлчилгээг бусдын адил тэгш хүртэх боломжийг хязгаарлах төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг ялгаварлан гадуурхалт гэж үзнэ.
6.3.2.хөгжлийн бэрхшээлтэй хүн мэдээлэл авах, бусадтай харилцахад шаардлагатай орчин нөхцөлийг бүрдүүлээгүй байх;
6.3.5.хөгжлийн бэрхшээлтэй хүний нөхөн үржихүйн эрхийг өөрийн нь зөвшөөрөлгүйгээр хязгаарлах;
“Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм” батлах тухайд
Нэг. Нийтлэг үндэслэл
3.1.Эмнэлгийн мэргэжилтэн нь үйл ажиллагаандаа дор дурдсан ёс зүйн тулгуур зарчмыг баримтална:
3.1.1 Хүнлэг, энэрэнгүй байх;
3.1.2. Хүндэтгэлтэй хандах;
3.1.3. Чин үнэнч, шударга байх;
3.1.4. Хүн бүрт тэгш хандаж, үл ялгаварлах;
3.1.5. Хариуцлагатай байх, боловсорч хөгжих.
3.2. Хүнлэг энэрэнгүй байх зарчмын хүрээнд:Хүний эрүүл мэнд, сайн сайхны төлөө анхаарал тавих, хүн бүрийг энэрэн хайрлах, асрах, тусалж дэмжих;
3.3. Хүндэтгэлтэй хандах зарчмын хүрээнд: Хүний язгуур эрхийг хүндэтгэн хамгаалах, сонсох, өөрийн бодол санааг зөв ойлгуулах, хүлээцтэй харилцах, эелдэг, даруу төлөв байх, нууцыг хадгалах;
3.4 Чин үнэнч, шударга байх зарчмын хүрээнд: Хууль ёсыг чандлан сахиж, дүрэм, журмыг биелүүлж, төвшин шударга, эв нэгдэлтэй байх;
3.5. Хүн бүрт тэгш хандаж, үл ялгаварлах зарчмын хүрээнд: Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, эрүүл мэндийн байдал, бэлгийн хандлагаар нь ялгаварлан гадуурхахгүй, үйлчлүүлэгч бүрт адил тэгш хандах;
3.6. Хариуцлагатай байх, боловсорч хөгжих хүрээнд: Хөдөлмөрч, хичээнгүй, даруу төлөв, нямбай, мэргэжлийн ур чадвартай байх, насан туршдаа сурч боловсорч, мэдлэг, мэргэжлээ байнга дээшлүүлэх;
Дөрөв. Эмнэлгийн мэргэжилтний баримтлах ёс зүйн түгээмэл хэм хэмжээ
4.5.Өвчний түүх болон үйлчлүүлэгчийн нууцтай холбоотой бичиг баримтыг үйлчлүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулах буюу ашиглуулахгүй байх;
4.6.Үйлчлүүлэгчид урьдчилан мэдээлж, зөвшөөрөл авалгүйгээр төлөвлөгөөт мэс заслын явцад эмчийг солихгүй байх;
4.7.Яаралтай тусламж үзүүлэхээс бусад тохиолдолд эмчлэгч эмчийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр эмч үзлэг хийх, эмчилгээ үйлчилгээтэй холбоотой зааварчилгаа өгөхгүй байх;
4.8.Үйлчлүүлэгч мэс засал хийлгэсэн, эсвэл эмнэлэгт нас барсан тохиолдолд өөрийнх нь болон асран хамгаалагчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр эс, эд эрхтнийг нь авах, бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүй, ийм үйл ажиллагаанд оролцохгүй, энэ талаар зааварчилгаа өгөхгүй байх;
4.9.Үйлчлүүлэгчид тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой байхад ашиг сонирхлын үүднээс төлбөр авах, өөр эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхийг албадах, санал болгох, эмчээ сонгоход нөлөөлөхгүй, шаардлагагүй тусламж үйлчилгээг зааварчлах, үзүүлэхгүй байх;
4.10.Үйлчлүүлэгчийг илт төөрөгдүүлж, худал ташаа мэдээлэл бүхий сурталчилгаа явуулахгүй байх, аливаа зар сурталчилгаанд албаны нэр хүнд, албан тушаалын байдлаа ашиглан оролцохгүй байх;
4.11.Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг эмчилгээ, оношилгоонд хэрэглэх, санал болгох, дэмжиж сурталчлах, зарж борлуулахгүй байх;
4.12.Эм, эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэх байгууллагаас өөрийн бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор санал болгож буй бэлэг, аялал, гадаад сургалт, хандив, урамшуулал зэрэг санхүүгийн дэмжлэгийг нийгэмлэг, холбоодын чиглэлээс өөр албан ажил гүйцэтгэж байхдаа авахаас татгалзана.
4.13.Үйлчлүүлэгчийн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр анагаахын болон шинжлэх ухааны туршилтанд оруулахгүй байх;
4.14.Эмнэлгийн мэргэжилтэн нь өвчний түүх, карт, эрүүл мэнд, эмчилгээ,үйлчилгээний талаарх тодорхойлолтыг хуурамчаар үйлдэх, эсвэл хуурамч бичиг баримтад гарын үсэг зурах, үйлчлүүлэгчийн эрүүл мэндтэй холбоотой бичиг баримтыг нөхөж бичих, засварлах, устгах, хуудас солихгүй байх;
4.15.Эмнэлгийн мэргэжилтэн нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлснийхээтөлөө үйлчлүүлэгчээс авлига, хандив, албан бус төлбөр авахгүй, хууль тогтоомжид зааснаас бусад төлбөртэй тусламж, үйлчилгээ үзүүлэхгүй байх;
Тав. Эмнэлгийн мэргэжилтэн үйлчлүүлэгчтэй харилцах хэм хэмжээ
5.1. Эмнэлгийн мэргэжилтэн үйлчлүүлэгчийн хоорондын харилцаанд итгэлцлэл, хүндэтгэлийг эрхэмлэнэ.
5.2. Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, эрүүл мэндийн байгууллага, эмчээ сонгох эрхээ эдэлж, сонголт хийхийг хүндэтгэн үзнэ.
5.3. Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчид тусламж үйлчилгээг хөндлөнгийн саадгүй орчинд үзүүлнэ.
5.4. Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчийн өвчний онош, тавилан, шалтгаан, оношилгоо, эмчилгээний арга, үр дүн, эрсдэл, хүндрэл, өөрийн болон тухайн байгууллагын бодит чадавхи, өөр бусад боломжит хувилбарын талаар болон бусад шаардлагатай үнэн зөв мэдээллийг үйлчлүүлэгч, түүний хууль ёсны төлөөлөгч (эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч)-д энгийн, ойлгомжтой үгээр тайлбарлан, шийдвэр гаргах боломжийг бүрдүүлнэ.
5.5. Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчийн биеийн байдлыг сайжруулах, сэтгэл санааны дэм үзүүлэх, зовлон зүдгүүрийг багасгах, хөнгөвчлөх, аливаа нэмэлт зовиур шаналгаа үүсгэхгүй, оновчтой тусламж, үйлчилгээ үзүүлэхийг хичээж ажиллана.
5.6.Эмнэлгийн мэргэжилтэн нь тусламж үйлчилгээ үзүүлэхдээ яаралтай тусламжаас бусад тохиолдолд цаг товлол, ирсэн дарааллаар үйлчлэх буюу тэгш байдлыг хангасан зарчмыг баримтална.
5.7.Эмнэлгийн мэргэжилтэн нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхийн өмнө үйлчлүүлэгчээс дараах тохиолдолд зөвшөөрсөн, эсхүл татгалзсаныг бичгээр авна:
5.7.1.Эмнэлэгт хэвтэх, эмчилгээ, оношилгоо хийлгэх, тусламж авахаас үйлчлүүлэгч, түүний хууль ёсны төлөөлөгч (эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч) татгалзсан;
5.7.2. Амь нас, эрүүл мэндэд эрсдэлтэй тусламж үйлчилгээ үзүүлэх;
5.7.3.Мэс ажилбар, мэс засал хийх тохиолдол бүрт (гоо сайхны мэс ажилбар, мэс засал хамаарна);
5.8.Хэрэв үйлчлүүлэгч насанд хүрээгүй буюу эрхзүйн чадамжгүй бол зөвшөөрлийг түүний хууль ёсны төлөөлөгч (эцэг, эх, асранхамгаалагч, харгалзан дэмжигч)-өөс бичгээр авна.
5.9.Эмнэлгийн мэргэжилтэн нь дараах тохиолдолд үйлчлүүлэгч болон түүний хууль ёсны төлөөлөгч (эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч)-ийн зөвшөөрөлгүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар шийдвэр гаргаж болно:
5.9.1.Үйлчлүүлэгч сэтгэцийн хүнд эмгэгийн улмаас зөвшөөрөл өгөх чадваргүй үед яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэхгүй байх нь ноцтой үр дагаварт хүргэх нь илэрхий үед;
5.9.2. Өвчний талаарх мэдээлэл нь үйлчлүүлэгчид сэтгэлзүйн хүнд цохилт өгөх, түүнээс үүдсэн ноцтой үр дагавар учруулах эрсдэлтэй үед;
5.10. Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчтэй холбоотой мэдээллийн нууцыг “Хувь хүний нууцын тухай хууль”-ийн 6 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд түүний нууцыг нас барсных нь дараа ч чандлан хадгална.
5.11. Зайлшгүй шаардлагаар өөрийн хувийн өмчийн эсвэл үйл ажиллагааны ашгаас нь хувь хүртдэг эмнэлгийн байгууллагадаа үйлчлүүлэгчийг илгээх бол энэ тухай үйлчлүүлэгчид мэдээлэхийн зэрэгцээ ижил төрлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг бусад мэргэжилтэн, байгууллагын талаар бүрэн мэдээлэл өгнө.
5.12.Үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн байдал эрс муудсан буюу үйлчлүүлэгч нас барсан тохиолдолд энэ тухай түүний хууль ёсны төлөөлөгч (эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч)-д үнэн бодитоор мэдээлэх үүргийг зөвхөн эмч хүлээнэ.
5.13.Эмнэлгийн мэргэжилтэн нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтныг эрүүдэн шүүх, тарчлаан зовоох, харгис хэрцгий харилцах, нэр төрийг нь доромжлох, басамжлах аливаа хэлбэрийг нуун дарагдуулахгүй ба өөрөө оролцохгүй.
5.14. Амьдралын төгсгөлийн шатанд орсон буюу эдгэрэшгүй, тавилан тодорхойгүй өвчтэй үйлчлүүлэгчийн хувьд сэтгэлзүйн байдлаас нь хамаарч мэдээллийг хэдийд, ямар байдлаар бүрэн өгөхийг эмч шийдвэрлэнэ.
5.15.Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчид хүчирхийллийн (биемахбодийн, бэлгийн, сэтгэл санааны гэх мэт) шинж тэмдэг байгаа эсэхийг байнга анхаарч, шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллагад мэдээлж, давтагдахаас урьдчилан сэргийлж ажиллана.
5.16. Үйлчлүүлэгч эмнэлгийн мэргэжилтэнд хүндэтгэлгүй хандах, ёс бусаар харилцах зэрэг шалтгааны улмаас мэргэжлийн үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэх боломжгүй байдал үүсвэл тусламж үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүүлэхээс татгалзаж болно. Энэ тухайгаа эмнэлгийн мэргэжилтэн өөрийн байгууллагын удирдлагад бичгээр мэдэгдэх бөгөөд дараагийн эмнэлгийн мэргэжилтэн тусламж үйлчилгээг бүрэн хариуцан авах хүртэл үүрэгт ажлаа үргэлжлүүлнэ.
Найм. Эмнэлгийн мэргэжилтний зан үйлийн хэм хэмжээ
8.5.Эмнэлгийн мэргэжилтэн өөрийн гаргасан алдаа дутагдалыг хүлээн зөвшөөрч, бусдаас уучлалт гуйх чадварыг эзэмшинэ.
8.6.Эмнэлгийн мэргэжилтэн ёс суртахууны эгэл хэмжээ болох энгийн даруу, эелдэг эвсэг, туйлбартай, итгэлтэй, хүлээцтэй, уриалгахан байх зэрэг хэм хэмжээг эзэмшин амьдралын болон мэргэжлийн үйл ажиллагаандаа үлгэрлэн сахина.
8.7.Эмнэлгийн мэргэжилтэн хүний эрх, нэр төрийг хүндэтгэх, нийгмийн шударга ёсны төлөө тэмцэх, хувь хүний болон нийгмийн сайн сайхны төлөө үйлчлэх, мэргэжлийн мэдлэг, ур чадвар, зохих хандлагыг эзэмшсэн байна.
8.8.Эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтний нэр төр, ур чадвар болон үйлчлүүлэгчийн нууцтай холбоотой мэдээллийг санамсаргүй байдлаар ч хөндлөнгийн хүнд болон олон нийтэд дэлгэн ярих, шүүмжлэн ярихгүй байна.
8.9. Үйлчлүүлэгч болон хамтран ажиллагсдыг хэл амаар доромжлох, гүтгэх, бүдүүлэг үг хэрэглэх, бэлгийн дарамтанд оруулахгүй байна.
8.10. Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчийн дэргэд биеэ авч явах соёлыг эзэмшсэн байна.