Аутизм

АУТИЗМЫН ХҮРЭЭНИЙ ЭМГЭГ /ASD/

Аутизмын хүрээний эмгэг гэдэг нь Аутизм ба Аспергерийн хам шинжийг хамтатган авч үзсэн онош юм. Ерөнхийдөө харилцааны хүндрэлийг үүсгэх бөгөөд туйлширмал зан үйл, явцуу хүсэл сонирхол, давтагдмал үйлдлүүдээр илэрдэг.

“Autism Spectrum Disorder” гэсэн Англи нэршлийг “ASD” товчлон хэрэглэх нь ч бий. Аутизмын хүрээний эмгэгийн шалтгаан одоо ч тайлагдаагүй. Гэвч тархины үйл ажиллагааны ямар нэг төрөлхийн эмгэг гэж үздэг бөгөөд эцэг эхийн хүмүүжил, хайр халамж дутсан гэх зэрэг эцэг эхийн хүүхдээ хүмүүжүүлэх арга барилыг шууд шалтгаан нь гэж үзэж болохгүй.

Аутизмын хүрээний эмгэг нь оюуны бэрхшээл хавсарсан, эсхүл хавсраагүй байж болно. Шинж тэмдэг нь хөгжлийн үе шат, нас, хүрээлэн буй орчин нөхцөл зэргээс хамааран харилцан адилгүй байна. Мөн амьдралд нь саад бэрхшээл учруулах хэмжээнд шинж тэмдэг хүчтэй илэрдэг, эсвэл шинж тэмдэг, зовиур нь хөнгөн, өдөр тутмын амьдралд бараг саадгүй оролцдог гэх зэргээр олон янз байдаг.

Аутизмийн хүрээний эмгэгийг эрт илрүүлэх

Аутизмын хүрээний эмгэг /АХЭ/-тэй хүүхдийг 18 сартайгаас нь эсвэл түүнээс эрт илрүүлэх боломжтой байдгийг судлаачид тогтоожээ. Хүүхэд 2 нас хүрэх үед туршлагатай мэргэжилтнээр оношлуулах нь хамгийн найдвартай гэж үздэг. Гэхдээ олон хүүхэд эцсийн оношилгоогоо үүнээс нилээн хожуу хийлгэж байна. Ингэж хожуу оношлуулах нь тухайн АХЭ-тэй хүүхдүүдэд туслах боломжийг огт ашиглахгүй өнгөрөөж байна гэсэн үг юм. Илрүүлэх аргачлалууд нь хөгжлийн хоцрогдолтой байж болзошгүй хүүхдүүдийг зөвхөн таних л зориулалттай. Гэхдээ эдгээр илрүүлэх аргачлал нь хөгжлийн хоцрогдолтой гэдгийн баттай нотолгоо болдоггүйгээс гадна шууд онош тогтоох үндэслэл болдоггүй. Харин доор дурдагдах арга аргачлалын дагуу хөгжлийн хоцрогдолтой байж болзошгүй гэж тодорхойлогдсон хүүхдийг нэн даруй энэ төрлийн мэргэжилтэнд үзүүлэх шаардлагатай гэсэн үг юм.

Эрт илрүүлэх аргачлалууд

Хөгжлийн хоцрогдлыг илэрхийлэх олон аргачлал бий. Тухайлбал 2 хүртэл насны хүүхдэд, бага насны хүүхдэд, өсвөр насныханд, насан хүрэгчдэд ашиглах гэх мэт 4 аргачлал байдаг. Аль аргачлалыг ашиглаж байгаагаас хамааран илрүүлэх үзлэгийг энэ төрлийн мэргэжилтэн хийхээс гадна зарим тохиолдолд нийгмийн ажилтан цаашлаад эцэг эхүүд  өөрсдөө хийж болдог.

Илрүүлэх арга аргачлалын заримаас нь дурдвал:

  • Ages and Stages Questionnaires[ASQ]
  • Communication and Symbolic Behavior
  • Parent’s Evaluation of development Status [PEDA]
  • Checklist for Autism in Toddlers [CHAT]
  • Modified Checklist for Autism in Toddlers [M-CHAT]
  • Pervasive Developmental Disorder Test-2[PDDST2 ]

Screening Tool for autism in Toddler and Young children

Аутизмын оношилгооны стандарт (DSM)

“Сэтгэцийн эмгэгийн ангилал, оношилгооны гарын авлага (Diagnostic and Statistical Manual of Mental Disorders: DSM)” гэдэг нь АНУ-ийн сэтгэцийн эмч нарын холбооны (American Psychiatric Association) боловсруулсан сэтгэцийн эмгэгийг оношилдог стандарт юм. DSM-V хэмээн товчлон нэрлэсэн 2013 оны уг стандартад “Аутизмын хүрээний эмгэгийн оношилгооны стандарт”-ыг дараах байдлаар тодорхойлжээ.

DSM-V дахь Аутизмын оношилгооны стандарт 299.00 (F84.0)

Нийгмийн харилцаанд орох, бусадтай харилцах байнгын шинжтэй бэрхшээл

  1. Нийгэм, сэтгэл зүйн харилцааны бэрхшээл
  2. Бусадтай харилцах үгэн бус харилцааны бэрхшээл
  3. Насандаа тохирсон харилцааны чадварын бэрхшээл. Хязгаарлагдмал, давтагдмал шинжтэй үйлдэл, сонирхол, хөдөлгөөн
  4. Хэвшмэл, давтагдмал хөдөлгөөн, хэл яриа, эсвэл үйлийн хязгаарлагдмал чадвар
  5. Явцуу сонирхол, нэг л зүйлд хэт дурласан сонирхол, анхаарал төвлөрөлт болон нэг юманд хэт анхаардаг, зан үйлийн шинжтэй үйлдэл хөдөлгөөн
  6. Хязгаарлагдмал, туйлширмал сонирхол, хүчтэй анхаарал төвлөрөлт
  7. Мэдрэхүйн үйлийн эмзэг, мэдрэмжгүй байдал, мэдрэхүйтэй холбоотой орчин тойрны ер бусын сонирхол. Шинж тэмдэг нь ихэвчлэн хөгжлийн эрт үед илрэх боловч, зарим тохиолдолд хожуу илэрнэ. Нийгэм олон нийт, ажлын байр болон бусад чухал үйл ажиллагаанд ноцтой саад бэрхшээл үүсэх магадлалтай.

Аутизмын шинж тэмдгийн хүнд хөнгөний ангилал:

DSM-V-д Аутизмын хүрээний шинж тэмдгийн хүнд хөнгөний ангиллыг A. Нийгмийн харилцаа, Б. Хязгаарлагдмал, давтагдмал үйлдлээр нь дараах 3 түвшинд хуваан авч үздэг.

Түвшин А. Нийгмийн харилцаа Б. Хязгаарлагдмал, давтагдмал үйлдэл
Түвшин 3 Дэмжлэг зайлшгүй шаардлагатай Үгэн болон үгэн бус харилцааны чадваргүй тул сэтгэл санаа, бие махбодын үйл ажиллагаа маш их доголдох ба нийгмийн харилцаанд орж чадахгүй, бусад хүн өөртэй нь харьцахад огт хариу үйлдэл үзүүлэхгүй Үйлдэл нь уян хатан биш, гэнэтийн өөрчлөлтийг хүлээн авахдаа маш муу. Үйлдэл нь хязгаарлагдмал, давтагдмал шинжтэй тул хөгжлийн бүх айд мэдэгдэм бэрхшээлийг үүсгэдэг. Анхаарлын болон үйлдлийн өөрчлөлт ноцтой хүндрэл дагуулна.

Түвшин 2

Тал бүрийн дэмжлэг шаардлагатай

Үгэн болон үгэн бус харилцааны чадвар сул учир тохирох дэмжлэг үзүүлсэн ч нийгэмшихүйд болон нийгмийн харилцаанд ороход нь хүндрэл үүсэх ба бусад хүн өөртэй нь харьцахад бараг хариу үйлдэл үзүүлэхгүй, эсвэл этгээд хариу үйлдэл үзүүлнэ Үйлдэл нь уян хатан биш, гэнэтийн өөрчлөлтөд дасан зохицохдоо муу. Үйлдлийн хязгаарлагдмал, давтагдмал шинж нь энгийн хүний нүдэнд ч илт анзаарагдана. Анхаарлын болон үйлдлийн өөрчлөлт нь хүндрэлийг дагуулна
Түвшин 1 Дэмжлэг шаардлагатай Дэмжлэг үзүүлэхгүй бол харилцааны чадвар дутагдана. Нийгмийн харилцаанд орохдоо муу, бусад хүн өөртэй нь харьцахад нэгэн хэвийн бус, өөр хоорондоо холбоогүй хариу үйлдэл үзүүлдэг. Нийгмийн харилцаанд орох сонирхолгүй байх магадлалтай. Уян хатан бус үйлдэл нь нэгээс дээш тохиолдолд мэдэгдэхүйц хүндрэл тулгардаг. Үйлдлээ зогсоож, дараагийн үйлдэлд шилжих зэрэг гэнэтийн өөрчлөлтөд тааруу. Эмх цэгцтэй, дэс дараалалтай үйлдэл болон бие дааж хийх үйлдэл дээр асуудалтай.

 

Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдийн сайн тал ба хүүхдийн төлөв байдал 

1) Харааны ой тогтоолт маш сайн Янз бүрийн таних тэмдэг, тэмдэглэгээг маш олноор цээжилчихсэн хүүхэд ч байдаг.

2) Өвөрмөц зураг зурдаг өвөрмөц содон зураг зурах, нарийн хуулж зурахдаа гарамгай.

3) Тодорхой нэг зүйлд ажиглагддаг авъяас чадвар Туйлширмал сонирхолтой хүүхэд олон тохиолдох ба тодорхой нэг зүйлийг маш хурдан сурч эзэмшдэг. Эсвэл аливаа зүйлийг ангилж цэгцлэхдээ сайн байх нь элбэг. Тэдний зарим нь дуртай зүйлээ туйлын нарийн нямбай хийдэг, мөн эд зүйлүүдийг өнгө, хэлбэрээр нь ялгаж төрөлжүүлэхдээ онцгой сайн байдаг.

4) Дуу хөгжмийн мэдрэмж маш сайн нэг сонссон дуугаа тэр дор нь цээжилнэ. Дууны хэмжээг сайн ялгаж чаддаг. Төгөлдөр хуур тоглож сурах чадвар маш сайтай.

Аутизмын хүрээний эмгэгийн засал эмчилгээ

Судалгаагаар нотлогдсон хэд хэдэн сонголт байдаг

  • SLP:Speech language pathology Хэл засал
  • OT: Occupational Therapy Хөдөлмөр засал
  • Special Education Тусгай хэрэгцээт боловсрол
  • ABA Applied Behavior Analysis Зан үйлийн хүрээний дүн шинжилгээ

Нийтлэг төөрөгдөл:

  • Аутизмын хүрээний эмгэг эдгэдэг.
  • Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүд бүгд онцгой чадвартай.
  • Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхэд сурах чадваргүй.
  • Аутизмын хүрээний эмгэгтэй бүх хүүхэд зан үйлийн асуудалтай.
  • Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүд зүгээр эрхэлсэн хүүхдүүд.

Аутизмын зан үйлийн шинж тэмдгүүд:

1.Нийгэмшихүйн хүндрэл

  • Харилцаа шаардсан тоглоом тоглохгүй байх.
  • Үеийнхээ хүүхдүүдтэй хамтарч тоглодоггүй.
  • Тэврүүлэх үнсүүлэх дургүй байх.
  • Орноос тэвэрч авах гэхэд гараа сарвайхгүй байх.
  • Нийгмийн дэг журмуудыг ойлгодоггүй.
  1. Харилцааны бэрхшээл
  • Хүний гарыг чиглүүлэх
  • Хүний нүд рүү эгцэлж хардаггүй.
  • Дуудахад эргэж хардаггүй дүлий мэт байдаг.
  • Аюулаас айж болгоомжлохгүй, хаширлахгүй байдаг.
  • Зохисгүйгээр инээдэг буюу уйлдаг.
  • Хэлд орсон ч хэлийг хэрэглээ болгодоггүй.
  • Дохио зангаа, нүүрний хувирлыг ойлгодоггүй, хэрэглэж мэддэггүй.
  • Бусдын хэлсэн үгийг давтан хэрэглэж, өөрийн зүгээс хариулт хэлж мэддэггүй.

3.Давтамжтай хязгаарлагдмал зан үйл, хязгаарлагдмал сонирхол

  • Шинэ орчин нөхцөлд дасан зохицдоггүй.
  • Нэг хэвийн дараалал, байрлал,  байдлыг шаарддаг.
  • Нэг үг, өгүүлбэрээ маш олон давтаж хэлдэг.
  • Нэг л тоглоом буюу эд зүйлээр зориулалтаар нь бус тоглодог.
  • Төсөөлөх, төсөөлөн тоглох чадваргүй.
  • Нэг л асуултаа хариултыг нь мэдэж байсан ч дахин дахин асуудаг.
  • Гараа сэгсэрдэг
  • Тоглоомын зөвхөн нэг хэсэгт хэт татагдах тоглоомын дугуй эсвэл зураасыг харах дуртай.
  • Биеэ урагш хойш савладаг.
  • Хөшиг даавуу гэх мэт зүйлсийг иддэг.
  • Биендээ даралт мэдэрдэг.
  • Баасаараа тоглодог.
  • Хүчтэй доргилт мэдрэх дуртай.

Мэдрэхүйн байдал:

Аутизмтай хүүхэд нь хөгжим дуу чимээг зарим зүйлд хүрэлцэхийг эсвэл шинэ орчинд орохыг тэвчиж чаддаггүй байх нь элбэг. Хэр их олон ийм таагүй зүйлд өртөнө, тэр хэмжээгээр хямрах магадлал нэмэгдэнэ.

  • Зарим дуу чимээнд, ялангуяа чанга дуу чимээнд дургуйцэж айдаг.
  • Биедээ огт хүргэхгүй, эсвэл биедээ даралт мэдрэх дуртай.
  • Цөөн төрлийн хоол иддэг.
  • Үнэрт хэт мэдрэмтгий, шинэ зүйлийг үнэрлэж үздэг.
  • Өвдөлтийг хэт буюу дутуу мэдэрдэг.
  • Янз бүрийн дуу авиа гаргадаг.
  • Үсийг нь засуулахад маш хүндрэлтэй.
  • Суудлын бүсийг тэвчиж чаддаггүй.
  • Гэр ахуйн зарим үнэрт огьдог.
  • Нүүрэндээ тулгаж байгаад юм эргүүлдэг.
  • Хувцсаа солихгүй гэж зүтгэдэг.
  • Улирлын баримжаа байхгүй тохиолдол бий. Зун өвлийн хувцас өмсөж, өвөл гадуур хувцас өмсөхгүй гэдэг.

Эрүүл мэнд: 

Хоол боловсруулах үйл ажиллагаа нь алдагдсан байдаг. [ өтгөн хатах, гүйлгэх  ]

  • Өтгөн гүйцэт боловсроогүй байдаг.
  • Харшилтай.
  • Нойр муутай.
  • Хүнсний бус зүйл иддэг.
  • Хэт хөдөлгөөнтэй эсвэл хэт идэвхгүй байдаг.
  • Гараа савах, өлмий дээрээ явах, байран дээрээ эргэлдэх гэх мэт хөдөлгөөн хийдэг

Хөдөлгөөний эв дүй

Аутизмтай хүүхэдтэй хүүхдүүд нь хөдөлгөөний өвөрмөц байдалтай байдаг. Зарим нэг зүйл дээр маш чадвартай байдаг ч бусад чадвар нь сул байдаг.

  • Жижиг булчингийн хөгжил сул.
  • Биеийн хэсгүүдээ зэрэг жигд удирдан зохицуулахдаа сул.
  • Өлмий дээрээ явдаг.
  • Орон зайн баримжаа сул.
  • Энгийн дасгал хөдөлгөөнийг хийж чаддаг ч гэсэн, гурван дугуйт унах тоглоомон машин дээр сууж явж чаддаггүй.

Өөрийгөө өвтгөх үйлдлүүд:

Өвдөлтөнд хариу үйлдэл үзүүлэх нь бага эсвэл өвдөлтөнд хэт мэдрэг.

  • Толгойгоороо юм мөргөдөг.
  • Өөрийгөө хазах өвдөлт огт мэдрэхгүй байгаа юм шиг байх.
  • Арьсаа үрж шалбалдаг.
  • Үсээ туг тугаар нь зулгаадаг.

Таталт: Таталт болон түүнтэй холбоотой өвчлөл нас ахих тусам нэмэгдэнэ. Шалтгаан нь тодорхойгүй.

Нойргүйдэл: Нойр нь хүрэхгүй байх, хэдэн өдрөөр унтахгүй сэрүүн байх, өдөр шөнийг ялгахгүй болох, унтуулахад хэцүү, унтсан үедээ амархан сэрж сэрвэгнэх, түрхэн зуур 1-2 цаг унтаад сэрдэг.

Аутизм гэж юу вэ?
Л.Алтангэрэл /Аутизмтай хүүхдийн хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал/
Халуун сэдэв: Аутизмын тухай ярилцъя... Дөрөвдүгээр сар "Аутизмыг таниулах сар"
Халуун сэдэв: Аутизмын тухай ярилцъя...

Халуун сэдэв: Аутизмын тухай ярилцъя... Дөрөвдүгээр сарыг дэлхий дахин "Аутизмыг таниулах сар" болгон зарлажээ

Posted by livetv.mn on Thursday, April 2, 2020
Аутизмын хүрээний эмгэг тухай