СУРАХ БЭРХШЭЭЛ
Суралцах хүндрэл (эмх цэгцгүй сурна) гэдэг нь хүүхэд болон насанд хүрэгчид ердийн замаар суралцахад бэрхшээл учирч байгаа буюу эмх цэгцгүй сурах гэсэн ерөнхий нэр томъёо юм. Сурах бэрхшээл нь тухайн хүний оюуны түвшинээс хамааралгүй зүйл юм. Сурах хүндрэлтэй насанд хүрэгчид болон хүүхдүүд нь мэдрэхүйгээр хүлээн авсан мэдээллээ боловсруулахдаа бэрхшээлтэй учирч байдаг. Яагаад гэвэл тэд харсан сонссон зүйлээ өөр хэлбэрээр хүлээн авдаг. Энэ нь тухайн хүүхдэд хурдтай бусад ангийн хүүхдүүдтэй адил аргаар суралцахад нь саад учруулдаг. Сурах бэрхшээлтэй хүүхэд нь ихэвчлэн оюуны бэрхшээлтэй биш байдаг.
Сурах бэрхшээлийн шалтгаан:
Сурах бэрхшээлийн шалгаан нь хараахан тодорхой бус ч доорх шалтгаануудаас үүсэх магадлалтай.
- Удамшлын гэр бүлд нь сурах бэрхшээлтэй хүмүүс ихэвчлэн байдаг
- Жирэмслэх болон төрөх явцад хүндрэл үүсч байсан
- Тархи хэвийн бусаар хөгжиж байвал
- Өвчлөлд өртөмтгий байдал болон гэмтэл авч байсан бол
- Алкахол болон эмэнд донтож байсан бол
- Бага жинтэй төрөх хүчил төрөгчийн дутагдалд орж байсан бол
- Дутуу төрөх эсвэл хүнд гэмтэл авсан бол
- Төрсний дараах гэмтэл
- Тархины гэмтлүүд
- Бичил тэжээлийн дутагдал
- Хордлогонд орж байсан бол хүнд металл хортон шавжны хор гэх мэт
- Ядуурал
- Танхимын сургалтыг бататгах дэмжин хийлгүүлэх нь дутагдалтай бол
- Хүнс тэжээлийн дутагдалтай бол
- Сонсголоор орж ирсэн мэдээллийг боловсруулахад үүсдэг бэрхшээл:
Auditory Processing Disorder (APD)
Энэ нь бидний сонсголын эрхтнээр дамжин орж ирж байгаа мэдээллийг боловсруулах тархины үйл ажиллагаанд алдаа гарч байгаа асуудал юм. Жишээ нь энэ төрлийн бэрхшээлтэй хүүхэд болон насанд хүрэгчид нь тодорхой хоёр үгийн авианы багахан хэмжээний ялгааг таньж ялгаж чаддаггүй, зарим тохиолдолд тухайн хүний сонсож байгаа авиа хаанаас үүсч байгааг ялгах чадваргүй байдаг байна.
- Хэл яриатай холбоотой, мөн унших процесст үүсдэг бэрхшээл:
Dyslexia
Хүмүүсийн мэддэг хамгийн түгээмэл, нилээн сайн судлагдсан суралцахуйн бэрхшээлийн нэг хэлбэр нь хэл ярианы суралцахуйн бэрхшээл юм. Ерөнхийдөө маш хүнд хэлбэрийн болон харьцангуй хөнгөн гэх мэт янз бүрийн Dyslexia-ийн түвшинд байж болно.
Энэ төрлийн бэрхшээлтэй хүмүүс нь аливаа юмыг кодчлох чадвар, унших болон уншсан зүйлээ ойлгох чадвар, түүнийг сэргээн санах, бичих, үсэглэх зэрэгт бэрхшээл үүсдэг төдийгүй зарим тохиолдолд тухайн хүнд ярихад хүртэл бэрхшээл үүсдэг байна.
- Хэл яриагаар орж ирсэн мэдээллийг боловсруулахад үүсдэг бэрхшээл:
Language processing disorder
Энэ нь сонсголоор орж ирж байгаа мэдээллийг боловсруулах бэрхшээлийн тодорхой нэг төрөл буюу тухайн бэрхшээлээс гол ялгаатай тал нь бүх дуу авиаг боловсруулах биш харин зөвхөн хэл ярианы чанартай дуу авиаг боловсруулахад бэрхшээл үүсэх нөхцлийг илэрхийлж байгаа юм. Зарим нэг тохиолдолд хэл ярианы мэдээллийг боловсруулах бэрхшээлтэй хүүхдүүд, хүмүүст зөвхөн сонсохоос гадна хэл яриагаараа аливаа зүйлийг илэрхийлэхэд хүртэл бэрхшээлтэй байдаг байна.
- Хэл ярианы бус мэдээллийг боловсруулахад үүсдэг бэрхшээл:
Non verbal learning disability
Энэхүү бэрхшээл нь хэл яриатай холбоотой чадвар нь хөдөлгөөний, харааны, орон зайн баримжааны мөн нийгмийн чадваруудаас эрс ялгаатай байх нөхцлийг хэлнэ. Өөрөөр хэлбэл хэл ярианы хөгжил сайн хэрнээ хөдөлгөөн орон зайн баримжаа, нийгмийн чадвар нь сул хөгжиж байгаа бол хэл ярианы бус сурахуйн бэрхшээлтэй байх боломжтой.
Жишээ нь : Энэ төрлийн бэрхшээлтэй хүмүүс хүний нүүрний бичил хувирлууд, биеийн хэлийг ойлгох чадвар муу байх боломжтой. Мөн өөрийнх нь биеийн хөдөлгөөн буюу координаци муу байх боломжтой байдаг байна.
- Хараа болон хөдөлгөөний бэрхшээл:
Visual Perceptual/Visual Motor Deficit
Энэ нь хүмүүсийн хараагаар орж ирж байгаа мэдээллийг боловсруулахад үүсч байгаа бэрхшээлийг хэлнэ. Мөн зурах, юм хуулж бичих гэх мэтчилэн энэ чадварт нөлөөлдөг. Энэхүү бэрхшээл нь мөн Disgraphia буюу бичих чадварын бэрхшээл, хэл ярианы бус суралцахуйн бэрхшээлтэй хүүхдүүдэд давхар илрэх боломжтой. Жишээ нь хүүхдүүдэд ялангуяа тухайн дүрсний ялгааг анзаарах, бичигдсэн мэдээллийн үсэгний ялгааг гаргахгүй байх, юм хайчлахад асуудал үүснэ, заримдаа үзгээ зөв барих, харандаагаа зөв барих гар нүдний хоорондох координаци муу байх зэргээр илрэх боломжтой.