Эпилепси гэж юу вэ?

ЭПИЛЕПСИЙН УНАЛТ ТАТАЛТ

Эпилепсийн тухай

Мэдрэлийн тогтолцооны хамгийн түгээмэл эмгэг бол эпилепси юм. Дэлхийн хүн амын нэг орчим хувь нь эпилепси өвчинтэй байдгаас 50-60% нь хүүхэд насанд илэрдэг. Зохистой эмчилгээний үр дүнд 70 гаруй хувьд уналт таталтын шинж тэмдэг багасч арилдаг.

Эпилепси хэмээх үг грек хэлнээс үүдэн, “Баглагдсан”, “Эзлэгдсэн” гэсэн энэ утга нь болж буй зүйлийг өвчтөн өөрөө хянаж чаддаггүйг илэрхийлдэг. Хүмүүсийн 5%-д амьдрах явцад эпилепсийн уналт таталт тохиолддог, жишээ нь, хэт ядрах үед, тархины гэмтэл, цочмог өвчний үед. Нэг удаагийн уналт таталтыг эпилепси өвчинтэй тэр бүр холбохгүй, харин сэдрээх хүчин зүйлгүй, 24 цагаас илүү зайтай 2-оос олон удаа илрэх уналт таталтыг эпилепси хэмээн тодорхойлно.

Хүүхэд насанд эпилепсийг таних

Нийт эпилепсийн тохиолдлын 50 гаруй хувь нь хүүхэд насанд эхэлдэг. Уг өвчнийг танихгүй бол хүүхэд гэмтэж бэртэх эрсдэлтэй, мөн анхаарал суларч, юм тогтоохгүй, сурах чадвар буурч болзошгүй. Эпилепсийн уналт таталт нь ихэнхдээ бие даасан эмгэг байдаг, гэхдээ зарим тохиолдолд тархины хавдар, бодисын солилцооны эмгэг, тархины үрэвсэл гэх мэт өөр өвчний нэг шинж тэмдэг байдаг тул хурдан таних, мэргэжлийн эмчид хандаж оношлуулах шаардлагатай байдаг.

Уналт таталтын ямар хэлбэр хүүхдэд илэрч болох вэ?

Тархины эсээс цахилгаан цэнэгжилт богино хугацаанд хэт ялгаран, үйл ажиллагаа алдагдахад унаж татдаг. Энэ нь гэнэтийн хөдөлгөөний өөрчлөлт, ухамсарт ухааны алдагдал, зан үйл, мэдрэхүйн өөрчлөлтөөр илэрч болдог. Уналт таталтын хоёр үндсэн хэлбэрийг ялгадаг: тархмал ба хэсэгчилсэн уналт. Тархмал уналтын үед эмгэг цэнэгжилт их тархины бүх хэсэгт зэрэг үүсдэг бол хэсэгчилсэн уналтын үед тархины тодорхой нэг хэсгийн үйл ажиллагаа алдагддаг. Зарим тохиолдолд тархины нэг хэсгийн эмгэг цэнэгжилт даамжран, хоёрдогчоор тархины бүх хэсгээр тархдаг.

Эпилепсийн тухай сонсоод ихэнх хүмүүс ухаан алдах, биеийн бүх булчин чангаран (тоник таталт), чичирхийлэн (клоник таталт) татах тухай боддог. Ийм уналтыг “их уналт” (Grand mal) хэмээн нэрлэдэг. Гэтэл эпилепсийн уналт таталт өөр олон хэлбэртэй байдаг. Зарим хүүхдүүд богино хугацаанд амаа тамшаална, шүлсээ залгина, зарим нь зорилгогүй хувцас аа үрчийлгэнэ, эмрэнэ. Хааяа гар, эсхүл хөл гэнэт татвалзана, хааяа тайлбарлахад бэрх өвөрмөц мэдрэмж (аура) төрнө, заримдаа хүүхэд гэнэт харьцахгүй гөлийнэ (абсанс). Уналт бүрт ухамсарт ухаан алдагдахгүй. Зарим тохиолдолд ухаан огт алдагдахгүй, зарим тохиолдолд уналтын эхлэлийг мэдрэн, дараа нь юу болсныг санадаггүй, заримдаа шууд ухаан алдана.

Аура

Эпилепсийн хэсэгчилсэн уналт таталт нь олон тохиолдолд аурын шинжээр эхэлдэг. Энэ үед хүүхдэд өвөрмөц, тайлбарлахад амаргүй мэдрэмж төрдөг, жишээ нь, гар хөл ирвэгнэх, нүд бүрэлзэх, эвгүй юм үнэртэх, амтлагдах, хий юм харах гэх мэт. Зарим тохиолдолд хэвлий, аюулхайгаар эвгүйрхэж, аюулхайгаас дээш юм өгсөх мэдрэмж төрнө. Аурын шинж илрэхэд хүүхэд уналт таталт эхлэж буйг мэдэрдэг. Заримдаа аурын шинж нь дангаараа уналтын шинж тэмдэг байдаг.

Аура бол тархины нэг бичил хэсгийн үйл ажиллагааны алдагдлын улмаас үүсдэг богино хугацааны уналт юм. Гадны хүн аурын шинжийг харж мэдэхгүй, энэ нь зөвхөн өвчтөнд өөрт нь мэдрэгдэнэ. Тиймээс эпилепситэй хүүхдээс эдгээр шинж мэдрэгдсэн эсэхийг лавлан асуух хэрэгтэй. Аурын шинжийг тодруулж чадвал тархины гэмтлийн байршлыг тодорхойлж болдог.

Абсанс

Богино хугацаанд ухамсарт ухаан алдагдан, гөлийж, болсон үйл явдлыг санахгүй байх уналтыг абсанс гэнэ. Энэ уналт нь бага ба сургуулийн насны хүүхдэд хамгийн олонтоо тохиолдож, өсвөр үед, нас ахихын хэрээр ховорддог. Илт таталтгүй, хөдөлгөөн хийдэггүй тул абсансыг тэр бүр уналт хэмээн таньдаггүй, заримдаа анхаарал төвлөрөлтийн дутагдал, мөрөөдөлд автсан хэмээн андуурдаг.

Нялхсын эпилепси

Нялх үед хүүхэд татаж буйг таньж мэдэх нь хялбаргүй байдаг. Хүүхэд амьсгалаа түгждэг, нүд нь аль нэг тал руу гөлийдэг, эсхүл зовхи нь анивчдаг, эсхүл нүдний алим нь чичигнэдэг. Булчингийн чичирхийлэх таталт биеийн нэг хэсгээс эхлэж, дараа нь нөгөө хэсэгт шилжиж болно. Мөн ам аа тамшаалах, хэл ээ годолзуулах шинж ажиглагдаж болно. Заримдаа гэнэт нүд том болж хоёр гарыг дээш өргөнө, энэ байдал нь олон удаа давтагдана. Ийм уналтыг тоник спазм буюу “салаам” уналт хэмээн нэрлэдэг, үүнийг эрт таньж, эмчид хандахгүй бол хүүхдийн өсөлт бойжилт хоцорч зогсох аюултай.

Ялангуяа нялх үед хүүхдийн уналтыг таних, хэлбэрийг ялган салгах амаргүй байдаг тул эцэг эх аль болох уналтын видео бичлэг хийхийг хичээх хэрэгтэй. Хүүхдийн зан үйл, хөдөлгөөн нь ижил байдлаар давтагдан, хүүхдийн насанд ер бусын санагдан, хүрэхэд арилахгүй, байршил солиход сэдрэхгүй бол эпилепсийн уналтыг сэжиглэнэ.

Нялхсын татвалзал

Нялх хүүхдийн биеийн татвалзах хөдөлгөөн бүр эпилепси байх албагүй. Жишээ нь, хүүхэд унтах үед гар хөл татвалзах нь нойрны миоклонус хэмээх хоргүй өвчинтэй холбоотой байж болно, энэ нь зөвхөн унтах үед илэрч, хүүхдийг сэрээхэд арилна. Мөн татагнаж буй мөчийг барьж атгахад татагнаа арилвал, энэ эпилепсийн өвчин биш юм.

Эпилепсийн оношлогоо

Анхны эпилепсийн уналт таталт нь хүүхдийн тархины гэмтэлтэй холбоотой байж болох тул хүүхдийн эмчид, эсхүл хүүхдийн мэдрэлийн эмчид хандах хэрэгтэй. Дараагийн оношлогоо шинжилгээ хийх эсэх нь эмчийн няхуур үзлэгээс хамаарна. Шаардлагатай тохиолдолд тархины цахилгаан бичлэг (ЭЭГ – электро энцефалограф), цусны шинжилгээ, тархи нугасны шингэний шинжилгээ, зүрхний цахилгаан бичлэг, тархины дүрст оношлогоо (Үүнд: соронзон резонанст томограф – MRI, эсхүл компьютерт томограф – CT) хийдэг. Нэг удаагийн тархины цахилгаан бичлэг хэвийн байж болно, заримдаа давтан бичлэг, урт хугацааны нойрны үеийн бичлэг хийх шаардлагатай байдаг.

Хүүхдийн эпилепсийн эмчилгээ

Хүүхдийн эпилепси өвчний үед юун түрүүнд эмийн эмчилгээ хийдэг. Хүүхийн уналт таталтын шинжээс хамааран эпилепсийн эсрэг бэлдмэлийг сонгодог. Эпилепсийн хамшинжийн оношийг нарийвчлан тавьж чадвал эмийг оновчтой сонгох боломжтой. Зөв зохистой эмчилгээний үр дүнд нийт эпилепситэй хүүхдийн 70%-д уналт таталт зогсдог.

Эмийн эмчилгээ үр дүнгүй байх, уналт таталт тархины тодорхой хэсгийн гэмтэлтэй байх тохиолдолд мэс заслын эмчилгээнд хамруулж болно. Үүнээс гадна, өвөрмөц хоолны дэглэмээр (кетоген диет) уналтыг цөөрүүлж болдог. Энэ дэглэмийн үед нүүрс усны хэрэглээг багасгаж, хүүхдэд өөх тосоор баялаг хоол өгдөг. Ингэснээр хүүхдийн амьдралын чанар эрс хязгаарлагддаг тул энэ эмчилгээг эпилепсийн зөвхөн хүнд хэлбэртэй, эмэнд тэсвэртэй тохиолдолд ашиглана.

Зарим тохиолдолд цочроогч электродыг тэнэгч мэдрүүлийн хавьд байрлуулдаг. Эмчилгээний энэ аргаар уналт таталт арилахгүй, гэхдээ уналтын давтамж цөөрдөг (Vagusnervstimulator = VNS).

Эпилепситэй хүүхэдтэй гэр бүлийн сургалт

Эпилепси өвчний онош нь гэр бүлийн амьдралд ихээр нөлөөлдөг. Гэр бүлийн гишүүдээс гадна найз нөхдийн хүрээ, цэцэрлэг, сургуулийн орчинд буй хүмүүс унаж татдаг хүүхэдтэй хэрхэн харьцах ёстой, ухаан алдах тохиолдолд яах ёстойг мэддэггүй. Тиймээс, өвчний тухай аль болох дэлгэрэнгүй мэдээлэл авч, мэдлэгтэй болж, өдөр тутмын амьдралд зарим зүйлсийг анхаарах хэрэгтэй.

Юун түрүүнд эпилепси нь нэг хэлбэрийн өвчин биш, харин олон хэлбэртэй, олон янзын шинжтэй, явц, хүндийн зэрэг, анхаарах зүйлс нь ялгаатай байдаг тухай мэдээллийг мэргэжлийн хүмүүс өгөх ёстой. Эпилепси өвчтэй ихэнх хүүхдийн оюуны хөгжил хэвийн байдаг. Ховор тохиолдолд өвчний улмаас, эсхүл эмийн эмчилгээний гаж нөлөөний улмаас анхаарал сулрах, таньж мэдэх, сурах чадвар буурдаг. Энэ тухай мэдээллийг эрт өгч, хүүхдийг ажиглаж, зохих арга хэмжээг авах хэрэгтэй.

Асран хамгаалагч, багш нарт өгөх зөвлөгөө 

Цэцэрлэг, сургуульд явж, хүмүүжих боломжийг олгох нь хүүхдийн өсөлт бойжилтонд нэн чухал юм. Ингэснээр хүүхдийн нийгмийн, сэтгэхүйн ба оюуны хөгжилд асран хүмүүжүүлэгч, багш нар их хэмжээний хувь нэмэр оруулна. Асран хүмүүжүүлэх явцад хүүхдийн авъяас чадварыг дэмжин хөгжүүлэх, өөртөө итгэх байдлыг бэхжүүлэх, ангийн хамт олон дунд нийгэмшүүлэх гэсэн зорилго тавьж ажиллана. Ингэхдээ хэт болгоомжлох, хэт эрхлүүлэх, эсхүл хэт ачаалалтай, өндөр шаардлага тавихаас зайлсхийнэ. Юм хийхийг хэт хориглон, хязгаарлахад хүүхэд өөртөө итгэлгүй болдог. Сайн анхаарч хянахад эпилепситэй ихэнх хүүхэд сургуулийн бүх арга хэмжээнд, биеийн тамирын хичээлд (өндөрт гарах, хараа хяналтгүй сэлэхээс гадна), ангийн зугаалга зэрэгт оролцох боломжтой.

Гэмтэх эрсдэлтэй чөлөөт цагийн арга хэмжээнд байнга харж хянах шаардлагатай.

Эпилепсийн уналт таталтыг урьдчилан таамаглах боломжгүй тул уналт таталттай холбоотой эрүүл мэндийн асуудалд асран хүмүүжүүлэгч ба багш хариуцлага хүлээхгүй. Харин гэмтэх эрсдэлтэй үйлдэлд урьдчилан болгоомжлох арга хэмжээ аваагүй, эсхүл санаатай, эсхүл хайхрамжгүйн улмаас хүүхэд бэртэх тохиолдолд хариуцлага хүлээнэ. Багш, асран хүмүүжүүлэгч нарт дараах зүйлийг зөвлөнө:

  • Эцэг эхтэй хэлэлцсэн ярилцлагыг тэмдэглэж, протокол хөтлөх,
  • Хүүхдийн эпилепси өвчний тухай мэдээллийн хуудсыг эцэг эхээр бөглүүлэх,
  • Зарим өвөрмөц арга хэмжээнд (жишээ нь, аялал, биеийн тамир, бассейн г.м.) оролцож болох эсэх тухай эмчийн магадлагаа авчруулах,
  • Багшийг\асран хүмүүжүүлэгчийг орлон ажиллах хүмүүст ижил мэдээлэл өгөх,
  • Зохион байгуулах тусгай арга хэмжээнд хүүхэд оролцох талаар эцэг эхээс бичгээр зөвшөөрөл авах,
  • Эргэлзэх тохиолдолд эцэг эх, эсхүл эмчлэгч эмчээс лавлан асууж, хэлэлцэх, энэ тухай тэмдэглэл хөтлөх.

Эпилепсийн уналт таталтын үед үзүүлэх анхан шатны тусламж 

Өөрийн хүүхдийн уналт таталтын шинж тэмдгийг эцэг эх хамгийн сайн мэддэг, тиймээс юуны өмнө эцэг эхээс уналт илрэх тохиолдолд хэрхэх тухай лавлана. Авах ёстой арга хэмжээг бичгээр тэмдэглэн, яаралтай тусламжийн төлөвлөгөө мэтээр баталгаажуулна. Уналт таталтын үед тайван байх нь туршлага шаардана. Тэгсэн ч анхны уналтанд бэлтгэлтэй байхын тулд дараах зүйлийг зөвлөнө:

  • Эпилепсийн уналт таталтын тухай суурь мэдлэгтэй байх, элбэг тохиолдох уналт таталтын хэлбэрийн шинжийг мэддэг байх. Уналтын шинж бүрт тохирох тусламжийг үзүүлэх,
  • Уналт таталтын хэлбэр, давтамж, сэдрээх хүчин зүйлс, үргэлжлэх хугацаа, ухамсарт ухаан сэргэх хугацаа, эмийн эмчилгээний тухай мэдлэг, мэдээлэлтэй байх,
  • Яаралтай тусламжийн эмийн бэлдмэлтэй байх, зөвлөгөө авах эмчийн утасны дугаар бэлэн байх,
  • Уналтын нөхцөл байдлыг дүрслэн жүжиглэн, тусламж үзүүлэх дасгал хийх.

Эпилепсийн уналт таталт нь цөөн секунд, минутын дотор дуусдаг тул ихэнхдээ аливаа арга хэмжээ авах шаардлагагүй, амь насанд аюулгүй байдаг. Булчингийн таталттай уналт нь 5 минутаас илүү удаан үргэлжилвэл (татах хугацааг хянана) эмнэлгийн яаралтай тусламж дуудах хэрэгтэй. Тухайн хүүхэд ойр ойр дараалан татдаг байх, эсвэл уналт таталтын байдал 5 минутаас илүү удаан үргэлжилвэл эмийн бэлдмэл хэрэглэнэ (лаа хэлбэрээр шулуун гэдсээр хийнэ).

Хүүхэд ухаан алдаж, татах тохиолдолд дараах журам баримтлана:

  • Тайван байх! Уналт эхэлсэн цаг, минутыг тогтоох. Эпилепсийн уналт таталт нь 3-5 минут хүртэл үргэлжилдэг, ихэнхдээ энэ хугацаан дотор зогсдог.
  • Аюултай орчноос холдуулан байрлуулна (өндрөөс, усан сангаас г.м.).
  • Толгойн дор зөөлөн юм ивнэ (жижиг дэр, зөөлөн хувцас г.м.).
  • Хүчээр гар хөлийг дарж, барьж болохгүй!
  • Ам руу юм хийхгүй, ам онгойлгох гэж оролдохгүй (хуруу гарыг хазах аюултай).
  • Хүүхдийг гэмтээх эд зүйлсийг холдуулна (сандал, тоглоом г.м.).
  • Бариу зах, хувцсыг суллан тайлна, нүдний шилтэй бол авна.
  • Уналт таталт зогстол хүүхдийн хажууд байна.
  • Сониуч хүүхэд\хүмүүсийг холдуулна.
  • Бусад хүүхдийг тайвшруулна, юу болсон тухай тайлбарлна.
  • Эцэг эхэд, эмчлэгч эмчид мэдээлнэ, ажигласан шинж тэмдгийг дүрслэж өгнө (оношлогоо, эмчилгээнд нэн чухал).
  • Хүүхдийн булчин тавигдсан бол хажуугийн аюулгүй байрлалд хэвтүүлнэ.
  • Хүүхдийг сэрэх үед тайвшруулах маягаар, эелдэг харьцана.
  • Уналтын дараа хүүхдэд амрах, унтах боломж олгоно.

 

Эх сурвалж: Ж. Сарангэрэл

(АУ-ны доктор, МУ-ын зөвлөх эмч, “Рефлекс” эмнэлгийн мэдрэлийн их эмч)

 

Имэйл: reflex.mongolia@gmail.com

Веб: www.reflex.mn

Фэйсбүүк: Рефлекс эмнэлэг