“ХҮҮХЭД ГЭЖ ХЭН БЭ?”
НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц -д зааснаар 18 нас хүртэлх бүх хүнийг хүүхэд гэнэ. Монгол улсын Хүүхэд хамгааллын тухай хуулиар
Монгол улсын иргэн төрсөн цагаас эхлэн 18 нас хүртэл, эсхүл Монгол улсын гэрээнд заасан тохиолдолд 18 наснаас дээш 21 хүртэлх насны хүнд энэ хуульд заасан тусламж, үйлчилгээг үзүүлж болно.
Хүүхдийн эрхийг олон улсад хэрхэн хамгаалдаг вэ?
НҮБ-аас баталсан Хүүхдийн эрхийн тухай конвенци болон түүний нэмэлт 3 протокол нь бүх хүүхдийн эрхийг хамгаалдаг олон улсын гэрээ юм. Эдгээр нь;
- Хүүхдийг зэвсэгт мөргөлдөөнд оролцуулахын эсрэг хүүхдийн эрхийн тухай конвенцид оруулах нэмэлт протокол
- Хүүхдийг худалдах, хүүхдийн биеийг үнэлэх, хүүхдийг садар самуунд сурталчлахын эсрэг хүүхдийн эрхийн тухай конвенцид оруулах нэмэлт протокол
- Мэдээлэл хүргүүлэх журмын тухай хүүхдийн эрхийн конвенцийн 3 дугаар нэмэлт протокол
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг НҮБ-ын Хүүхдийн конвенциос гадна НҮБ-ын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенциор давхар хамгаалдаг. Эдгээр нь Монгол улсад нэгэн адил хэрэгжихийг шаарддаг.
Хүүхдийн эрхийг манай улсад хэрхэн хамгаалдаг вэ?
Монгол Улс НҮБ-д гишүүнээр элсч Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг бүрэн хүлээн зөвшөөрч, улмаар “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт“, “Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт, болон арьс үндсээр алагчилах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвенц, эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенц зэрэг хүний эрхийн талаархи НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагуудын олон улсын 30 гаруй гэрээнд нэгдэн орж, үүрэг хүлээсэн.
Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар төр нь хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хүлээсэн ёсоор Хүүхдийн эрхийн тухай конвенц , Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийг соёорхон, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль зэргийг батлан хэрэгжүүлж эхэлсэн.
Хүүхдийн эрхийн тухай хуулиар хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн бүрэн эрхийг тодорхойлж, хүүхдийн эрхийг хангах тогтолцоог бий болгох, хүүхдийн эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулдаг.
Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоо, оролцогч талуудын харилцааг тодорхойлж хүүхдийг үл хайхрах байдал, дарамт, мөлжлөг хүчирхийллийн бүх хэлбэр, эрсдэлт нөхцөл байдалд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалах, хариу үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулдаг.
Мөн хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалаар батлан гаргасан хууль, холбогдох дүрэм журмуудаар хүүхдийн эрхийг хамгаалдаг.
Хүүхдийн эрх гэж юу вэ?
Хүүхдийн эрхийн тухай Монгол улсын хуулиар Хүүхдийн эсэн мэнд амьдрах эрх , Хүүхдийн хөгжих эрх, Хүүхдийн хамгаалуулах эрх, Хүүхдийн нийгмийн амьдралд оролцох эрхийг баталгаажуулсан. Хүн болж төрсөн хэн бүхэн төрөхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байна. Тэдэнд оюун ухаан, өрлөг сэтгэл заяасан бөгөөд өөр хоорондоо ахан дүүсийн ёсоор харилцах ёстой. /Хүний эрхийн Түгээмэл тунхаглалын нэгдүгээр зүйл/ Хүний эрх гэж хэн бүхнийг хүний зэрэгтэй амьдрахад шаардагдах наад захын баталгаа юм.
Хүмүүс арьсны өнгө, хэл, соёл, үндэс угсаа, хүйсийн мэдрэмж, мэдлэг чадвар, хөгжил зэргээрээ ялгаатай ч хүн л болж төрсөн хэн бүхэнд эрхэм чанар бий. Хүний эрхэм чанар гэдэг нь төрөлхийн, тухайн хүнээс салшгүй өөрөөр хэлбэл хүн ямар байхаас шалтгаалахгүйгээр хүн нэг бүр үнэ цэнэтэй. Үнэ цэнэтэй хүн учир хүүхэд байх, хөгжлийн бэрхшээлтэй байх эсэхээс үл хамааран хүнийг хүнийх нь хувьд хүлээн зөвшөөрч хүндлэх тухай ойлголт юм.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулинд
28 дугаар зүйл. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг баталгаажуулжээ.
28.1.Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, оношлох, үнэлэх, тэдэнд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн бусад үйлчилгээг гэр бүл, хамт олонд нь түшиглэн хамруулан хөгжүүлэх үйлчилгээг хүртээмжтэй хүргэх, хүүхдийн хөгжлийн төвийг байгуулан, хөгжлийн хоцрогдолтой хүүхдэд тусгай хөтөлбөрийн дагуу үйлчилгээ үзүүлэхийг төрөөс дэмжинэ.
28.2.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд эрүүл мэнд, боловсрол болон сэргээн засах үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ.
28.3.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг нийгмийн хамгааллын болон нийгмийн халамжийн тусламж, үйлчилгээнд хамруулна.
28.4.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэл, бүх төрлийн дарамт, мөлжлөгт өртөх, гэмт хэргийн хохирогч болох, гэмт хэрэгт татагдан орох зэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хууль сахиулах, хүүхдийн эрхийг хамгаалах, боловсролын болон төрийн эрх бүхий холбогдох байгууллага хэрэгжүүлнэ.
28.5.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй холбоотой аливаа бодлого, шийдвэрийг гаргах явцад тэднийг үзэл бодлоо илэрхийлэх боломжоор хангана.
28.6.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид хүүхдээ өсгөн бойжуулах, хөгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, чадвар олгоход төрөөс дэмжлэг үзүүлнэ.
28.7.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүргийг тэдний эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид хүлээх бөгөөд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх хуулиар хүлээлгэсэн үүргээ биелүүлэхээс зайлсхийхийг хориглоно.
28.8.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд тэтгэлэг төлөгч нь холбогдох хууль тогтоомжинд заасны дагуу нэмэлт тэтгэлэг төлнө.
Хүүхдийн эрхийг хангахад төр ямар үүрэгтэй вэ?
Төр хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах, хэрэгжүүлэх үүргийг хүлээдэг.
- Хүндэтгэх гэдэг нь; Хүүхэд эрхээ эдлэхэд нь төрийн зүгээс саад болохгүй байх зарчим юм. Төр нь хүүхдийн эрхийг зөрчих аливаа үйлдэл хийхээс түдгэлзэх ёстой. Төр хүүхдийн эрхэд нийцээгүй аливаа бодлого арга хэмжээгээ хүчингүй болгох ёстой гэсэн үг.
- Хамгаалах гэдэг нь; Хүүхэд нэг бүрийн эрхийг төр аливаа хүн, аж ахуйн нэгж, бусад байгууллагаас хамгаалах ёстой гэсэн үг.
- Хэрэгжүүлэх гэдэг нь; Хүүхэд нэг бүрийнхээ эрхийг эдлүүлэхийн тулд төр шаардлагатай бүхий л арга хэмжээг бодлого болгон боловсруулж, хэрэгжүүлэх арга хэмжээг авч, шаардлагатай санхүүжилтийг хангаж өгөх ёстой гэсэн үг.
Хэдийгээр олон улсын хүний эрхийн баримт бичигт хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах, хэрэгжүүлэх үүргийг төрд оноосон байдаг ч нийгмийн янз бүрийн бүлэг, хувь хүн, байгууллагууд хүүхдийн эрхийг хамгаалах, хэрэгжүүлэхэд мөн чухал үүрэг хүлээдэг.