Хүүхэд бүр эрхтэй!

Видео

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаар нийгэмд тогтсон буруу ойлголт,хэвшмэл ойлголт

Хүн болж төрсөн хэн бүхэн ижил эрх эдлэх ёстой. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эрхээ бусадтай адил тэгш эдлэхэд нь олон саад байдаг. Зарим нь хөгжлийн бэрхшээлтэй хүн бусдаас арай өөр учир арай өөрөөр амьдрах ёстой ч гэж боддог  байх. Эсвэл  надаас шал өөр учир тусгай  эрх эдлэгч гэж үздэг. Нэг хэсэг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг өвөрдөж, өглөг буян үйлдэж байхад , нөгөө хэсэг нь сэжиглэн, зугтаж “нэг нүдээрээ ч харахгүй” гээд ярьвал их олныг тоочно. Энэ үзэл хандлага чухам юунаас үүдэлтэй вэ гэвэл нөгөөх л хэвшмэл ойлголт. Хэвшмэл ойлголт гэдэг нь хүмүүсийн шинж төрх, байр суурь, гүйцэтгэх үүргийн талаарх нийгэмд тогтсон хатуу итгэл үнэмшил, хүлээлт юм. Өөрөөр хэлбэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тухай мэддэггүйгээс болоод  “бид” ба,”тэд” гэж тусгаарлан бодож, өөрөөсөө өөр бүлэг хүмүүсийн тухай буруу ойлголт, хэвшмэл үзэлтэй болдог. Жишээлбэл Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бол

  • Өрөвдмөөр
  • Хараагдсан амьтад
  • Ямар үйлийн үрийг эдэлж яваа юм бол, хөөрхий
  • Бусдаас хараат, бие даан амьдарч чадахгүй
  • Өргөж, дэмжиж явахгүй бол болохгүй хүмүүс
  • Харилцахад хэцүү хүмүүс
  • Бие дааж шийдвэр гаргах чадваргүй хүмүүс
  • Аюултай хүмүүс
  • Бусдыг үзэн яддаг байж магадгүй
  • Амьдрал нь утга учиргүй
  • Урт наслахгүй байх
  • Хувь заяандаа гутардаг байхдаа хөөрхий гэж боддог.
Хэвшмэл ойлголт, сөрөг хандлага нь дараах шийдвэрийг гаргадаг. Эдгээр нь
  • Хөөрхий амьтанд буян хийж хандив өргөе
  • Эднээс холхон байя
  • Гэртээ л байх нь зүйтэй
  • Тусгай сургуульд сургах нь зүйтэй
  • Эдгэрэхээр нь …
  • Хайр дурлал байх ёсгүй
  • Гэр бүл зохиож хүүхэд төрүүлж, өсгөж болохгүй
  • Үүнээс илүү сурна гэж юу байх вэ
  • Ойр зуур эсгий урлал зэргийг л хийдэг
  • Бусад хүүхэдтэй адил сурах чадваргүй тусгай хөтөлбөрөөр суралцах ёстой
  • Соёл урлагийн арга хэмжээнд оролцох боломжгүй
  • Өөр аргаар харилцах хэрэгтэй
  • Онош оношоороо байцгаавал зохино гэх мэт

Эдгээр хэвшмэл ойлголт хөгжлийн бэрхшээлтэй хүний амьдралд хэрхэн нөлөөлдгийг төсөөлөөд үзье.

Зураг 1. Гадуурхалт

zurag1

Зөвхөн хөх өнгөний бүлгийг нэгэн тойрогт оруулан нийгмийн харилцаанд оруулж,үйлчилгээнээс үр шим хүртэх бодлого боловсруулжээ. Энэ тохиолдолд харагдах байдал тойргийхноос ялгаатай “Тэд” бол “юу ч биш”.

Зураг 2. Тусгаарлалт

zurag2

Харагдах байдал, шинжээр нь нийгмийн том бүлэгтэй зэрэгцүүлээд жижиг, жижиг тойрог үүсгэн тус тусад нь бодлого боловсруулж, тус тусдаа том жижиг үр ашиг хүртэх тухай дүрслэл. Энэ тохиолдолд өөрөөсөө өөр  нэгнийг, хэн хэн нь мэдэхгүй байсаар удах тусам зааг ялгаа ихсэж нэг нь нөгөөгөө үгүйсгэх, нийгэм хуваагдана.

Зураг 3. Нэгтгэсэн тогтолцоо

zurag3

Том тойрогт жижиг тойргуудыг оруулж, төсөөтэй шинжээр нь бүлэглэж “хажуу бөөр”-ндөө наасан бодлого. Бодлого дотроо оруулж нэгтгэж байгаа нь хэлбэрийн хувьд эерэг ч, мэдэхгүй байсан “Тэд”-нийг том тойргийн уугуулууд “шошголох”, “бөөрөлхөх” байдал оршсоор байдаг сөрөг талтай. Энэ нь хувь хүний эрхэм чанарыг ч хөнддөг төдийгүй том тойргийн шалгуурт нийцэх шаардлага “Тэд”-нд тулгамдан гарч ирдгээс өөрийгөө бусдаас дутуу хэмээн мэдэрдэг.

Зураг 4. Тэгш хамрах тогтолцоо

zurag4

Хүний ялгаатай байдлыг үл харгалзан бүх хүн үр шим хүртэхүйц бодлого бөгөөд хүн нэг бүрт хүрч үйлчлэхийн тулд тойргийг өөрчлөх зохицуулалт хийжээ. Энэ тохиолдолд хүн болж төрсөн хэн бүхэн эрх эдлэгч байх болно.