НОГООН ГАРХАН УРЛАН

Урлангийн зорилго

Оюуны ялгаатай чадвартай залуусыг байнгын ажлын байранд дэмжлэгтэй хөдөлмөр эрхэлдэг болгуулах

Оюуны ялгаатай чадвартай залуусыг ирээдүйн татвар төлөгч болж бие даан амьдрахад тус нэмэр оруулах зорилготойгоор хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй 4 ээж, Оюун ялгаатай чадвартай 7 залуу, багш, менежерийн хамтаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооны дэргэд “Ногоон гархан” урлан 2019 оны 8 сард байгуулагдан ажиллаж байна. 

Байгалийн гаралтай түүхий эд хонь тэмээний ноосыг сүлжмэл урлалтай хослуулан бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна хоёрдогч түүхий эд ашиглан сувинер хийдэг. Мөн Япон улсын Саори урлалаар бүс, ороолт нэхдэг. 

Саори урлал нь баруун, зүүн тархи зэрэг хөгжүүлэн, тархины үйл ажиллагааг идэвхжүүлж, тухайн хүн өөрийн хүссэн өнгө, загвараар урладаг онцлогтой. Саори бүтээл нь хүний дотоод сэтгэлийг илэрхийлэхээс гадна стресс, бухимдал тайлдаг давуу талтай.

Байгалийн гаралтай түүхий эд, хоёрдогч материал ашиглан, японы Саори сүлжмэл, эсгий, тэмээний ноосыг хослуулан төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ээжүүд, оюуны ялгаатай чадвартай залуус гар аргаар бэлтгэж, олон цагийн хүч хөдөлмөрөө зориулан, баяр хөөрөө шингээн, байгалийн гаралтай цэвэр түүхий эдээр бүтээгдэхүүнээ урлаж байна. 

Манай бүтээгдэхүүнийг худалдан авснаар ТА нийгмээс ялгаварлагдан, гадуурхагдсан оюуны ялгаатай чадвартай залуусын эдийн засгийн баталгааг бий болгоод зогсохгүй, нийгэмдээ бусадтай хөл нийлүүлэн алхах боломжийг олгох юм.