ХӨГЖЛИЙН ЯЛГААТАЙ ХЭРЭГЦЭЭТЭЙ ХҮҮХДҮҮДИЙГ ТЭГШ ХАМРУУЛДАГ САЙН ТУРШЛАГУУД

Бие бялдрын, мэдрэхүйн, сэтгэл санааны, зан авирын болон сурах үйлийн хувьд чадвар нь хязгаарлагдсан тохиолдолд бусад чадварыг нь ашиглах байдлаар хөгжлийн ялгаатай хэрэгцээтэй хүүхдийг хөгжүүлэх хэрэгтэй байдаг. Гэхдээ боловсролын ялгаатай хэрэгцээ бол үүгээр хязгаарлагдахгүй. Эдийн засаг, хэл соёл, зан заншил, шашин, бэлгийн, бие эрхтэний гм олон хүчин зүйлс нь боловсролын ялгаатай хэрэгцээг бий болгодог юм.

Хүн бүрийн үйлдэхүйн /харах, сонсох, хөдлөх, танин мэдэх, нийгэмдээ харилцах, бусадтай харилцах, сэтгэн бодох, хүртэх, сэтгэлийн хөдөлгөөнөө удирдах үйл, өөрийгөө хянах үйл, анхаарлаа төвлөрүүлэх үйл, сурах үйл, унших үйл, тоо бодох үйл гм/ чадвар нь  өөр өөр байдаг бөгөөд боловсролд энэ бүх ялгаатай чадварыг харгалзан үзэж, зарим тохиолдолд тусгайлан харгалзан үзэж, хариу арга хэмжээ авах шаардлага үүсдэг. Тэгш хамруулан хөгжүүлэхийн гол суурь нь энэ бөгөөд бүгд ялгаатай юм чинь хамтдаа л байх, тусгаарлахгүй байх явдал юм. Иймд өвчний оношоор шошгололгүй, үйлдэхүйн ялгааг нь харгалзан үзэж, олонх дунд нь сургахуйг ялгаатай байдлаар зохион байгуулахад дэлхийн нийтийн чиг хандлага явж байна.

1.     Харааны ялгаатай чадвартай хүүхдийг тэгш хамруулахад үлдэц харааг ашиглаж болно. Огт харахгүй тохиолдолд хүрэлцэх, сонсох гм бусад байгаа чадварыг нь ашиглах байдлаар хүүхдийн хөгжлийн үйл ажиллагаанд хамруулдаг.

–       Бага насны харааны бэрхшээлтэй хүүхдийн тэмтрэх мэдрэмжийг нь илүү хөгжүүлснээр танин мэдэхүйг нь тэлдэг. Хавтгай дээр будаагаар амьтны дүрсийг товойлгон хийх нь тухайн амьтан ямар хэлбэр, дүрстэйг төсөөлөн бодоход тусалдаг. Ямарваа хэлбэр, дүрсийг тайлбарлан хэлэхээс илүүтэйгээр тэмтэрч мэдрэхэд нь багш нар нь туслах нь зүйтэй.

–       Хараа бүрэн алдсан тохиолдолд хүрэлцэх үйлийг бүрэн ашиглаж мэдээлэл авах, өөрийгөө илэрхийлэх, мэдснээ ойлгуулах, ном унших гэх мэтэд брайлаар уншиж, бичихэд сургах шаардлагатай. Гараар тусгай зориулалтын цаасан дээр брайлаар шивж бичгэн харилцааг үүсгэдэг байсан бол одоо тусгай зориулалтын брайль бичгийн машинууд, брайл бичигч, хэвлэгч, уншигч хэрэглэгддэг болсон. Брайлыг насанд хүрсэн хойноо ч өдөр тутамдаа ашигладаг тул бага наснаас нь эрт гарын хуруугаар тэмтэрч сургах нь маш чухал.

–       Сонсох үйлийг сурах үйл явцад их ашиглана. Номыг хэвлэмэл байдлаар хараагүй хүүхдэд хэрэглүүлэхээс зайлсхийж ном сурах бичгийг сонсох байдлаар буюу өөрөөр хэлбэл ярьдаг номнуудыг сургалтанд ашигладаг.

–       Яриаг бичигт, бичгийг ярианд хөрвүүлдэг төхөөрөмжүүд, аппликшнүүд бий болсон нь харааны бэрхшээлтэй хүмүүсийг нийгмийн харилцаанд ороход маш ихээр тус болж байна. Монгол хэлэнд Чимэгэ аппликшн гарсан нь яриаг бичигт хөрвүүлэх эхлэл тавигдсан. Орчин үеийн техникийн шийдлүүд нь компьютерийг ярьдаг програмтай болгосноор хараагүй хүн ч компьютерийг бүрэн ашиглах бололцоо бүрдсэн.

–       Харааны үлдэгдэлтэй буюу сул хараатай бол томоор хэвлэсэн ном, сурах бичиг хэрэглэх боломжоор хангах хэрэгтэй. Мөн томруулагч, харааны шил зэрэг нь тухайн хүнд тохируулга болж өгдөг.

2.     Сонсох үйлийг бүрэн алдсан тохиолдолд хүүхдийг хөгжүүлэхэд дохионы хэлийг харилцаанд ашигладаг бөгөөд энэ нь сонсголгүй хүний эх хэл нь болдог. Огт сонсохгүй хүн нь бусадтай харилцахдаа асуудалтай байгаа тул харилцаандаа хуруу, гараараа дохиж зангаж харилцаанд ордог. Үүнийг дохионы хэл гэдэг. Улс орон бүр дохионы хэлээ хөгжүүлдэг бөгөөд энэ нь биеэ даасан хэл хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Сонсголгүй хүнд дохиогоор харилцах чадварыг нь бий болгож, боломжоор нь хангах нь хөгжих эрхийг нь хангах суурь нь болдог юм. Иймд аль болох эрт бага наснаас нь дохионы хэлэнд сургах нь хамгийн зөв шийдэл байдаг. Сургуульд орох насыг хүлээх нь аль хэдий нь оройтсон байдаг. Өөрөөр хэлбэл хүүхдийн бусадтай харилцах харилцааг 6 нас хүртэл нь боймолж байгаа хэрэг болдог. Иймд СӨБ-д нь дохионы хэлээр харилцах, хөгжих боломжийг олгох нь хамгийн зөв шийдэл болдог бөгөөд гэр бүлийн гишүүд мөн адил дохионы хэлэнд суралцсан байх нь хүүхэдтэйгээ бүрэн харилцах боломжийг олгодог. Тэгснээр хүүхдийн тархины хөгжилд ч сайнаар нөлөөлдөг. Цаашид амьдралынхаа туршид бусадтай харилцах харилцаа нь дохионы хэл байдаг тул сургууль, цэцэрлэгийн бүх харилцаанд дохиогоор харилцах боломжийг бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй.

3.     Сул сонсголтой буюу сонсгол муу бол үлдэгдэл сонсголыг нь ашиглах сонсголын аппаратыг хэрэглэдэг. Сонсголын олон төрлийн аппаратууд бий болсон бөгөөд чихний имплантыг суулгадаг болсон. Ингэснээр сул сонсох чадвар нь сайжирч бусадтай харилцахдаа сонсголоо ашиглан, ярьж сурдаг.

4.     Хөдлөх үйлийн хязгаарлалттай хүмүүст хөдөлгөөнд аль болох бага хүч ашиглаж оролцох боломжоор хангах нь тухайн хүнийг нийгмийн харилцаанд оруулахад хэрэгтэй. Энэ тохиолдолд орчны хүртээмж ихээр нөлөөлдөг.

a.     Шилжилт хөдөлгөөн хийх хязгаарлалт 1. Тулах эрхтэний өөрчлөлттэй үед хөдөлж чадахгүй, эсвэл хөдөлж явахад хүндрэлтэй тохиолдолд тэргэнцрээр шилжилт хөдөлгөөн хийдэг. Ингэснээр тухайн хүн орчиндоо саадгүй зорчих, хөдлөх боломж бүрддэг. Дугуй чөлөөтэй зорчих ямар ч орчин тухайн хүнд саадгүй бөгөөд шат, довжоо нь хөдөлгөөн хийхэд нь тэдгээр хүнийг бэрхшээлтэй болгодог. Иймээс орчныг нь бүгдэд хүртээмжтэй болгож налуу зам, лифт, урсдаг шатаар эдгээр саадыг арилгаж ямар ч хүн зорчих боломжоор хангадаг. Ингэснээр хэний ч туслалцаагүйгээр өөрсдөө орчиндоо зорчих, шилжилт хөдөлгөөн хийх боломжоор хангагдана.

b.    Шилжилт хөдөлгөөн хийх хязгаарлалт 2. Таяг, алхуулагч гэх мэт туслах хэрэгслүүдийг хөдөлгөөн хийхдээ ашиглаж болдог.

c.     Бичихэд гарыг ашиглаж чадахгүй байх хүндрэл. Энэ тохиолдолд аль нэг хуруугаар, эсвэл амандаа зуусан, толгойд тогтоосон зүйлээр компьютерын товчийг товшиж цохих чадварт сургах нь чухал байдаг. Жишээ нь саажилттай хүүхдийг гараар бичүүлэх гэж “зовоох” нь түүнд биеийн илүү хүч гаргахад хүргэж тухайн хүүхэд бичих үйлдээ төвлөрөх биш хөдөлгөөнөө удирдахад хүчээ зарцуулахад хүргэдэг сул талтай.

5.     Хэт хөдөлгөөнтөх эмгэг гэж байдаг бөгөөд хөл гар нь зүгээр хэрнээ тогтвортой нэг байрлалд зорилготойгоор үйлдэл хийхгүй, анхаарал сарнилт хавсарч тохиолдох нь элбэг байдаг. Энэ тохиолдолд анхаарлыг төвлөрүүлж, суулгаж сургахын тулд багш онцлогт нь тохируулан нэмэлт арга хэмжээ авах эсвэл туслах багштайгаар сургалтыг зохион байгуулдаг. Багшид нэмэлт дэмжлэг хэрэгцээтэй бөгөөд бусад хүүхдүүдийн ч, тухайн хүүхдийн ч анхаарлыг төвлөрүүлэн хичээл сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахын тулд эмч, нийгмийн ажилтан, менежер, эцэг эхээс бүрдсэн дэмжлэгийн багаар зөвлөлдөн хэлэлцэж, хамтаараа шийдвэрлэх нь энэ тохиолдолд дөхөмтэй байдаг.

6.     Сонсох чадвартай ч хэл ярианы бэрхшээлтэй бол хүүхдийн илэрхийлэх хэлийг насны онцлогоос хамааран өөр өөр байхаар зохион байгуулах хэрэгтэй байдаг:

a.     Харилцахдаа хэл яриаг ашиглах чадвар нь муу байвал хөгжүүлж, өөрийгөө илэрхийлэхэд туслах нэмэлт хэл заслын дэмжих үйлчилгээнд эрт хамруулах хэрэгтэй. Хэл засалд хамрагдсанаар хүүхэд харилцахдаа ярьж сурах магадлал өндөр болдог.

b.    Харилцахдаа буюу өөрийгөө илэрхийлэхдээ хэл яриаг ашиглаж чадахааргүй хүндрэлтэй байвал дохио зангаа, биеийн хэлэмж, зурган, бичгэн харилцаагаар харьцахад сургах хэрэгтэй. Магадгүй дохионы хэл сурч болох юм.

7.     Анхаарал төвлөрөл сул тохиолдолд анхаарлыг сарниулах хүчин зүйлсийг сурах орчинд байлгахаас татгалзах хэрэгтэй:

a.     Анхаарал сарних нөхцлийг бага үүсгэхээр орчныг зохион байгуулдаг. Хананд болон тавиур, ширээн дээр хэт олон зүйлийг үзүүлэн байдлаар тавихгүй, хүүхэд төвлөрч хичээл хийх орчинд аль болох цөөхөн тавилгатай байлгадаг. Олон өнгийн зүйлээр эрээлж, мяраалахаас зайлсхийх хэрэгтэй. Багш, эцэг эхчүүдийн эмх замбараатай байдал, ажлын болон орчны сайн зохион байгуулалт нь анхаарал төвлөрөх хугацааг илүү уртасгаж өгдөг сайн талтай.

8.     Оюун ухаан танин мэдэхүйн хоцрогдолтой бол:

a.     Ойлгож ухаарахад хялбар дөхөм болгох аргуудыг хэрэглэнэ. Хүүхдийг хөгжүүлэхдээ багш олон мэдрэмжийг ашиглах байдлаар, хийсвэр бус, бодит үзүүлэн дээр тайлбарлах нь ойлгож ухаарахад хэрэгтэй. Үүнд харах, сонсох, тэмтрэх, амтлах, үнэрлэх гм мэдрэхүйнүүдийг таньж мэдэх, ойлгоход ашиглаж болдог.

b.    Давталттайгаар дадал хэвшлийг бий болгох замаар тухайн үйлдлийг хийж сургадаг.

c.     Дохио зангаа, биеийн хэлэмж, үгэн харилцааг дэмжиж харьцах нь зүйтэй бөгөөд ийм байдлаар өөрийгөө илэрхийлэхэд сургах хэрэгтэй.

d.    Хэрвээ оюуны чадавх нь дийлэнх олонхийн хэмжээнд хүрч чадахгүй бол тухайн хүүхдэд заавал стандарт мэдлэгийг эзэмшүүлэх гэж зүтгэх нь буруу бөгөөд хүүхдийн өөрийнх нь чадавхад тохирсон байдлаар сургалтын зорилгыг хөнгөрүүлэн тавьж болдог бөгөөд ийм шийдлийг сонгох тохиолдолд эцэг эхтэй нь заавал хэлэлцэж, хүүхдийг дэмжих багийн хурлаар шийдвэрлэж, ганцаарчилсан хөгжлийн төлөвлөгөөг гаргаж ажилладаг. Гэхдээ энэ нь хүүхдийг дандаа ганцаарангаар нь сургах гэсэн ойлголт огт биш бөгөөд хөгжлийн түвшинг ангийн хамт олны дунд суралцангаа ямар хэмжээнд хүргэх хамтын төлөвлөгөө юм.

9.     Зан авир, сэтгэл санааны өөрчлөлттэй тохиолдолд сурагч өөрийн зан байдлыг хянах, удирдах, хичээл сургалтын үйл ажиллагаанд оролцох, төвлөрөх чадвар алдагддаг.  Мөн бусад үеийн найз нөхөдтэйгээ харилцахад хүндрэл үүсдэг. Энэ үед ангийн багш бусад хүүхдэд хичээл заах, зан авирын хувьд ааш гаргаж буй сурагчийг тайвшруулах гэх мэт ангид хичээл сургалтыг зохион байгуулахад хүндрэл бэрхшээл үүсдэг. Тэгш хамруулсан ангид энэ тохиолдолд тухайн хүүхдийн онцлог хэрэгцээнд нийцсэн дараах хариу арга хэмжээг авснаар ийм нөхцөл байдлыг шийдвэрлэж болох юм. Үүнд:

1. Ангид баримтлах дүрмийг гаргаж, энгийн, ойлгомжтойгоор тайлбарлан, мөрдүүлнэ. Ангид 3-5 дүрмийг мөрдүүлэхэд л хангалттай. Дүрэм мөрдүүлэхээс гадна сурагчдын дунд хичээлийн үеэрх үйл ажиллагаануудыг удирдан чиглүүлж болдог. Ангид ямар байхыг нь чиглүүлж өгснөөр сурагч хичээлээрээ юу хийхээ мэдэж, бусдын адил сурах үйл явцад оролцох эхлэл тавигддаг.

2. Эерэг зан байдлыг магтан, урамшуулна.

Энэ тохиолдолд хүүхдийг шийтгэхийн оронд өөрийнх нь чармайн гаргаж буй эерэг үйлдэл бүрийг олж мэдэн сайшаан дэмжих хэрэгтэй байдаг.

3. Завсарлага авах боломж бүрдүүлнэ.

Багш хичээл заах явцдаа завсарлага авч, сурагч бүрийн анхаарал сарнихгүй байхад чиглүүлэн сургалтын үйл явцыг удирдах хэрэгтэй.

4. Бүгдэд адил хандах хэрэгтэй.

Зан төрхийн өөрчлөлттэй хүүхдүүд өөрт нь зохисгүй хандсан тохиолдолд дургүй, харин ч дүрсгүйтэх шалтгаан болдог.

5. Сэдэлжүүлэх арга хэмжээ авна.

Сурагч хичээж, чармайж байгаа хүчин зүтгэл бүрт магтан сайшаа. Сурагч ангидаа цаашид ч өөрийгөө дайчлах сэдэл, тэмүүллийг төрүүлэх нь хүүхдийн хөгжилд маш үр дүнтэй.

10.  Сурах үйлийн онцлог:

a.     Энэ нь сурах бэрхшээлтэй хүүхдэд илүү тохиолддог бөгөөд уншихдаа, бодохдоо, хэлэхдээ, ярихдаа олонх хүүхэдтэй адил биш байдаг. Энэ онцлогт нь тохируулан хариу арга хэмжээ авах нь боловсролын ялгаатай хэрэгцээг харгалзаж буй хэрэг болдог. Бараг дийлэнх тохиолдолд оюун ухааны хоцрогдол биш байдаг.