Хэл ярианы дутуу хөгжил

ХЭЛ ЯРИАНЫ БЭРХШЭЭЛ 

Сонсгол, оюун ухаан нь хэвийн боловч хэл ярианы цогц тогтолцоо-авиан дуудлага, үг найруулгын тал нь дутуу хөгжсөн хэл ярианы нарийн төвөгтэй янз бүрийн бэрхшээлийг хэл ярианы дутуу хөгжил гэнэ.

Хэл ярианы дутуу хөгжил нь хүүхдийн хэл ярианы хамгийн хүнд хэлбэрийн согог болох – алалия /хэлгүйдэл-хэл яриа дутуу хөгжсөн эсвэл огт хөгжөөгүй/, афазия /хэлгүй болох-уураг тархины голомтот гэмтлийн улмаас хэл яриа хэсэгчилсэн ба бүрмөсөн алдагдах/, ринолалия /гуншаа-өгүүлэх эрхтний бүтэц,үйл ажиллагааны улмаас авиан дуудлага, дуу хоолойн өнгө өөрчлөгдөх/, дизартрия /дультраа-өгүүлэх эрхтний саажилтын үүдэлтэй хэл ярианы дуудлагын эмгэг өөрчлөлт/-ийн үед тохиолдож болно.

Хэл ярианы дутуу хөгжлийн талаар зөв ойлгож анхдагч болон хоёрдогч бэрхшээлийн харьцааг зөв тогтоож чадсанаар хэл ярианы бэрхшээлтэй хүүхдийг оношлох, хэл ярианы бэрхшээлийг нь засан сайжруулах ажлын оновчтой хэлбэрийг сонгоход чухал нөлөөтэй.

Хэл ярианы дутуу хөгжилтэй хүүхдийн онцлог шинж

Хэл ярианы дутуу хөгжилтэй хүүхдүүд нь хэл ярианы янз бүрийн бэрхшээлтэй байх боловч  хэл ярианы үйл ажиллагаа нь нийтлэг шинжтэй байдаг.

  • Оройтож хэлд ордог. Анхны үгээ 3-4 насандаа зарим үед 5 нас хүрч хэлдэг.
  • Өөрт нь хандсан яриаг ойлгох боловч санаа бодлоо илэрхийлэх чадвар хомс.
  • Хэл яриа нь ойлгомжгүй.
  • Хэл ярианы идэвхгүй байдал тод ажиглагддаг ба энэ нь хэрэв хэл засалд хамруулахгүй бол хүүхэд томрох тусам улам гүнзгийрдэг.
  • Эдгээр хүүхдүүд өөрийн хэл ярианы бэрхшээлд шүүмжлэлтэй ханддаг.

Хэл ярианы үйл ажиллагааны дутуу хөгжил нь тухайн хүүхдийн сэрэл, хүртэхүй, оюун ухаан, зоригийн хүмүүжилд сөрөг  нөлөө үзүүлдэг.

  • Анхаарал нь сарнимтгай, анхаарлын хуваарилалт хязгаарлагдмал.
  • Утгачилан тогтоох болон логик ой хөгжсөн байх боловч сонсоод тогтоох, сэргээн санах чадвар сул байдаг.
  • Нарийн төвөгтэй заавар түүний элементүүд, дэс дарааллыг мартаж орхигдуулдаг.
  • Хэл ярианы бэрхшээл нь сэтгэцийн хөгжлийг зарим талаар саатуулдаг боловч сэтгэн бодох үйл ажиллагаа нь онцлог шинжтэй байдаг.
  • Сэтгэхүйн үйлдлүүдийг хийх чадвар нь хэвийн хадгалагдах боловч үгээр илэрхийлэх бололцоогүйн улмаас аливааг нэгтгэн дүгнэх, задлан ялгах, харьцуулах зэрэг үйлдлүүдийг нэлээд бэрхшээлтэй сурдаг.

Хөдөлгөөний хувьд:

  • Хөдөлгөөний эвсэл муу.
  • Аливаа хөдөлгөөний үйлдэл, дасгалыг хийхдээ аймхай, итгэлгүй гүйцэтгэдэг.
  • Хөдөлгөөний хурд самбаа алдагдсан.
  • Аман зааварчилгаагаар хөдөлгөөний үйлдлүүдийг гүйцэтгэх чадвар сул.
  • Орон зай, цаг хугацаагаар хэмжигдэх хөдөлгөөнийг муу гүйцэтгэдэг.
  • Дасгал хөдөлгөөний дарааллыг орхих буюу хольж хутгадаг /нэг гараасаа нөгөөд бөмбөг шилжүүлэх, ойр зайд бөмбөг дамжуулах, бөмбөг тогших, баруун зүүн хөл дээрээ ээлжлэн үсрэх, хөгжмийн аянд айзамт дасгал хийх зэрэгт алдаа гаргадаг/.
  • Хурууны болон бугуйн үений хөдөлгөөн хөшүүн, гарын жижиг хөдөлгөөн муу хөгжсөн байдаг.

Хэл ярианы дутуу хөгжилтэй хүүхдүүд нь  хэл ярианы хөгжлийн түр сааталтай хүүхдүүдээс дараах шинжээр ялгагдана.

  • Хэл ярианы дутуу хөгжилтэй хүүхэд
  • Хэл ярианы хөгжлийн түр сааталтай хүүхэд
  • Энгийн ахуйн хэрэглээний үг хэллэг хөгжсөн.
  • Тоглоом болон бусад эд зүйлстэй харьцах харьцаа хэвийн, орчин тойрондоо сэтгэлийн хөдөлгөөнтэй.
  • Сэтгэхүйн хөгжил нь хэл ярианы хөгжлөө бодвол харьцангуй амжилттай явагддаг.
  • Өөрийн хэл ярианы байдалдаа шүүмжлэлттэй ханддаг.
  • Анхдагч эмгэг болох хэл ярианы бэрхшээл нь оюуны чадварыг саатуулдаг боловч аман ярианы хэл хөгжиж хэл ярианы бэрхшээл засагдах хэрээр /явцад/ оюуны хөгжил хэвийн болж ирдэг.

Төв мэдрэлийн системийн хүнд гэмтэл ажиглагддаггүй, зөвхөн төрөх үеийн хөнгөн гэмтэл, балчир насандаа удаан хугацаагаар өвдсөн зэрэг шалтгааны улмаас хэл яриа нь дутуу хөгждөг.

– Хэл ярианы алдаа нь харьцангуй өвөрмөц байх ба ярианы чадвар нь бага насны хүүхдийн түвшинд ярьдаг /тийн ялгалын болон олон тооны нөхцлийг буруу хэрэглэн ярих гэх мэт/.

– Хэл ярианы хувьд /ялангуяа авиа зүйн тал дээр/ үеийнхнээсээ хоцрох боловч тухайн хүүхдийн хэл яриа нь хэрэгцээг нь хангахуйц харилцааны хэрэгсэл нь болж чаддаг.

Хэл ярианы дутуу хөгжлийн үечлэл

Р.Е.Левина 1969 онд хэл ярианы дутуу хөгжлийн үечлэлийг боловсруулсан ба энэхүү  үечлэлд хэл ярианы харилцааны бүрмөсөн алдагдлаас хэлний авиа болон авиалбар зүй, үгсийн болон дүрмийн сан дутуу, буруу хөгжсөн, бие даан ярих   чадвартай  хүртэлх янз бүрийн түвшин багтана.

Түвшин бүр нь хэл ярианы хөгжлийг саатуулагч анхдагч согогийн  болон хоёрдогч илрэлийн тодорхой хамаарлаар тодорхойлогдох ба хүүхэд нэг бүрийн ахиц өөрчлөлт нь анхдагч согогийн хэлбэр, бэрхшээлийн хүнд хөнгөнөөс шалтгаална.

Сургуулийн өмнөх ба сургуулийн насны хэл ярианы дутуу хөгжилтэй хүүхдийн хэл ярианы хөгжлийг илэрхийлсэн хэл ярианы хөгжлийн 3 түвшин байдаг.

Хэл ярианы хөгжлийн I түвшин

Хэл яриа харилцааны хэрэглэгдэхүүн болж чаддаггүй. Энэ түвшингийн хүүхдийн идэвхтэй үгийн нөөц нь тод бус дуудлагатай, ойр зуурын ахуйн хэрэгцээний үг хэллэг, авиан дуурайсан дуудлага ба авиануудын цогцолбороос бүрддэг. Харилцаандаа дохио зангаа, нүүрний хөдөлгөөнийг өргөн хэрэглэдэг. Нэг төрлийн үйлдэл, хөдөлгөөн, гаргаж буй авиа, дохио зангаагаараа олон төрлийн сэдэв, хэрэгцээг илэрхийлдэг. Тодорхой нөхцөл байдалд л ойлгогдохоор шулганаж, ганганах маягаар ярина. Аливаа эд зүйлс,үйл явдлыг харьцуулан илэрхийлж чаддаггүй. Үйл хөдлөлийг тухайн эд зүйлийн нэрээр сольж илэрхийлэх /онгойлгох-“хаалга”/ ба эсвэл эд зүйлийн нэрийг үйл хөдлөлийн нэрээр нэрлэдэг /ор-“унтах”/. Хэрэглэж буй цөөн үгээрээ олон утга санааг илэрхийлдэг.

Энэ түвшний хүүхдүүд дүрмийн харилцаандаа үг зүйн элементүүдийг хэрэглэдэггүй, ярихдаа үгийн төгсгөлийг хэлэхгүй зөвхөн үгийн үндсээр ярьдаг. Идэвхгүй үгийн нөөц харьцангуй арвин. Үгийг хэл зүйн хувиргалтаар хувиргах талаар огт мэдлэггүй эсвэл дөнгөж гадарлах төдий байдаг. Хэрэв тухайн үгийг баримжаалан ойлгодог шинж тэмдэг нь өөрчлөгдөх эсвэл хасагдах тохиолдолд нэр үгийн ганц ба олон тооны хэлбэрүүд,  өнгөрсөн, одоо, ирээдүй цаг, тийн ялгалын нөхцөлүүд, эр эм үгийн ялгааг ялган ойлгож хэрэглэж чаддаггүй./ач+ийг=ачийг, эмч нар гэх мэт/

Авиаг сайн тодорхойлж чаддаггүй, авиа зүйн бүтэц нь зөв биш байдаг. Сонсголын хүртэхүй болон өгүүлэх эрхтний дутуу ба буруу хөгжлийн улмаас авиан дуудлага нь саармагжсан буюу өөр авиан дуудлагаар солигдсон байдаг ба ихэнх авиаг буруу дууддаг. /буруу дууддаг өвиа нь зөв дуудагдах авианаасаа олон/. Дуудлаганд нь эгшиг авиаг-гийгүүлэгчээр, амныхыг-хамраар, дуутайг-дуугүй гийгүүлэгчээр солих явдал их ажиглагддаг. Энэ түвшингийн хүүхдүүдийн бас нэг онцлог шинж нь үгийн үеийн бүтцийн талаарх ойлголт маш бага хязгаарлагдмал байдаг.

Хэл ярианы хөгжлийн  II  түвшин

Энэ түвшинд хүүхдийн хэл яриа нь харьцангуй идэвхжсэн байна. Харилцаа нь буруу дуудлагатай, байнга хэрэглэддэг энгийн хязгаарлагдмал үгийн нөөцөөр илэрхийлэгддэг. Аливаа эд зүйлс, үйл хөдлөл, шинж чанарыг ялган тодорхой үгээр илэрхийлж чадна. Заримдаа төлөөний үг, холбоо үг, энгийн хялбар угтваруудыг яриандаа хэрэглэх тохиолдол байдаг. Гэр бүл, хүрээлэн буй орчин амьдрал, өөрийн сайн мэдэх үйл явдлын талаар асуултанд хариулж, зураг харж ярих чадвартай.

Хэл ярианы бүхий л хэлбэрүүдэд хэл ярианы дутуу хөгжил тод илэрдэг.

2-3, цөөн тохиолдолд 4 үгнээс бүтсэн энгийн өгүүлбэрээр ярина. Үгийн нөөц нь тухайн насны хүүхдийн хоцорсон байх бөгөөд бие эрхтний нэр, амьтан түүний үр төл, хувцас, эд хэрэглэл, тавилга, мэргэжил зэргийг нэрлэсэн үгийг мэддэггүй. Эд юмс, үйл хөдлөл, шинж чанарыг илэрхийлсэн үгийн нөөц хязгаарлагдмал, эд юмсын өнгө, хэлбэр хэмжээг нэрлэсэн үгийг мэдэхгүй ойролцоо утгатай үгээр сольдог.

-Тийн ялгалын нөхцлийг солих /машинд явна- машинаар явна/

-Нэр үг, үйл үгийг хувиргахгүй хэрэглэх

-Төлөөний үгийг буруу хэрэглэх

-Ганц ба олон тооны нөхцлүүдийг буруу хэрэглэх /2 харандаа-хоё          хандаанууд, багшууд/

-Тэмдэг нэр, тооны нэрийг буруу хэрэглэх зэрэг дүрмийн алдаануудыг гаргадаг.

Өгүүлбэрийн бүтэц буруу, хувиргалтгүй байдаг. Угтвар, нөхцөл холбоосыг гээх, буюу сольж хэлэх /мөөг модон дээр ургадаг-мөөг модны доор ургадаг/ ба холбоо үг, сул үгийг маш бага хэрэглэдэг.

Хандсан яриаг  ойлгох, харилцан ярилцах чадвар харьцангуй сайн хөжсөн байх боловч өнгөрсөн, одоо, ирээдүй цаг, ганц ба олон тоо, тэмдэг нэрийн хувиргалт зэргийг сайн ойлгодоггүй. Хэл ярианы авиа зүйн тал нь олон төрлийн авиаг буруу буюу сольж дууддаг шинжээр тодорхойлогддог. Хатуу зөөлөн, сийгсэн шуугисан, дуутай дуугүй гийгүүлэгчийг буруу дууддаг. Авиаг салангид дуудахдаа зөв хэлэх боловч үг, өгүүлбэрт буруу хэрэглэдэг. Үгийн үеийн бүтцийг ойлгох чадвар сул ба зарим үгийн үсгийг солих, орхих, өөр авиа үсэг нэмж хэлэх, зүглүүлж хэлэх зэргээр ярьдаг./өндөг-дөнөг, сандал-дандал, онгоц-гоц/.

Эдгээр хүүхдүүдийн авиан сонсгол сул, дутуу хөгжсөн ба авин задлан ялгал хийх чадварт бэлтгэгдээгүй байдаг.

Хэл ярианы хөгжлийн III түвшин

Энэ түвшингийн хүүхдүүдийн хэл ярианы дутуу хөгжил нь авиа-авиалбар зүй, үг зүй, өгүүлбэр зүйн хувьд алдаатай дэлгэрэнгүй үг хэллэгийн/дэлгэрэнгүй ярианы/ дутуу хөгжлөөр илэрдэг. Дуудлагаараа төстэй авиаг /ялангуяа сийгсэн шуугисан авиаг/ ялгаж чаддаггүй, өөр авиагаар сольж хэлдэг./шар-сал, цоож-зооз, чоно-жоно,зоно/. Авиаг салангид дуудахдаа зөв хэлэх боловч үг өгүүлбэрт буруу, өөр авиагаар сольж  хэрэглэдэг.

Идэвхтэй үгийн нөөц нь голчлон нэр үг, үйл үгнээс бүрдэнэ. Харин шинж чанар, эд юмс, үйл хөдлөл, байр заасан үгийг бага хэрэглэдэг. Эд зүйлсийн хэсэгчилсэн нэрийг бүхэл эд зүйлийн нэрээр солих, ижил утгатай өөр үгээр солих зэрэг алдааг гаргах ба нэр үгийг хувиргах, тэмдэг нэрийг нэр үгтэй нөхцөлдүүлэх, тийн ялгалаар ялгах зэрэгт алддаг. Түгээмэл, энгийн үг хэрэглэн ярих ба хүнд бүтээврүүдийг бараг хэрэглэдэггүй. Харилцан ярианы чадвар харьцангуй сайн хөгжсөн байдаг.

Дээрх бэрхшээлүүд нь сургуулийн насны хүүхдийн сурлага, хүмүүжилд сөргөөр нөлөөлж унших бичих чадвар эзэмшихэд нь саад бэрхшээл үүсгэдэг.

Хэл ярианы дутуу хөгжилтэй хүүхэдтэй ажиллах арга зүй

Хэл яриаг хөгжүүлэх, бэрхшээлийг засан сайжруулах ажил нь дараах  зарчмуудыг үндэслэн явагдана. Үүнд:

  • Хэл ярианы дутуу хөгжлийн анхны шинж тэмдгүүдийг эрт илрүүлж, сэтгэцийн хөгжилд саад учруулахаас сэргийлэх
  • Бэрхшээл үүсээгүй хэл ярианы зарим хэсгүүдийг нээн илрүүлэх, түүн дээр тулгуурлан ажиллах
  • Хэл ярианы бэрхшээлээс үүсэх харьцааны дутагдлыг нөхөн сэргээх
  •  Авиан ба хэл зүйн талыг зэрэгцүүлэн хөгжүүлэх
  •  Янз бүрийн хэлбэрээр илэрсэн хэл ярианы дутуу хөгжилтэй хүүхдүүдэд хэл ярианы бэрхшээлийг засан сайжруулах сургалтын явцад ялгавартай хандах
  • Хэл яриа, сэтгэхүйн хөгжлийг нэгтгэх
  • Хүртэхүй, сэтгэхүй, зоригийн хүмүүжлийг төлөвшүүлэх.

Эдгээр зарчмуудыг хүүхдийн нас, сэтгэхүйн онцлог, сургалт хүмүүжлийн орчин нөхцөл, хэл ярианы хөгжлийн түвшинг харгалзан хэрэгжүүлнэ.

Хэл ярианы хөгжлийн I түвшингийн хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх сургалт хүмүүжлийн ажил нь:

  • Үг хэллэг, хэл яриаг ойлгох чадварыг хөгжүүлэх
  • Бие даасан яриаг дагуулан дуурайх үйл ажиллагааны үндсэн дээр хөгжүүлэх
  • Үгийн бүтцийг ойлгуулах, 2-3 үгнээс бүтсэн энгийн өгүүлбэрээр яриулж сургахад чиглэгдэн явагдана.

Хэл заслын хичээлийг 2-3 хүүхдийг хамруулсан подгруппийн хэлбэрээр, хүүхдэд сонирхолтой, ойлгомжтой тоглоомын аргаар явуулна. Хэл заслын хичээлд хүүхэлдэйн киноны болон үлгэрийн баатрууд, хүүхдийн дуртай, сонирхолыг нь татахуйц тоглоом, зургуудыг ашиглана.

Үг хэллэг, хэл яриаг ойлгох чадварыг хөгжүүлэх ажил нь хүрээлэн буй орчны үзэгдэл, үйл хөдлөл, эд юмсийн талаарх болон тодорхой нэг үг түүний утгын тухай  хүүхдийн өөрийнх нь ойлголтон дээр тулгуурлан явагдана.

Хэл заслын хичээлийн эхний үеэс үзүүлэн таниулах материалыг түлхүү ашиглан янз бүрийн үгийг батжуулан ойлгуулахад чиглэн ажиллана. Хэл засалч 2-4 үгнээс бүтсэн богино өгүүлбэрээр ярихдаа тухайн үгийг дүрмийн олон хэлбэрт хувирган хэрэглэнэ. Сургалтын явцад тоглоом, хувцас, сав суулга, хүнсний бүтээгдэхүүн зэрэг эд зүйлсийн нэрийг нэрлүүлж, шинж чанарыг харьцуулан яриулж, хүүхдийн үйлдэж буй үйлдэл, хөдөлгөөнийг нэрлүүлснээр идэвхтэй үгийн баялаг нэмэгдэнэ.

Үүний зэрэгцээ зарим хэл зүйн дүрмийг ойлгуулан, зөв хэрэглэж сургах ажил давхар явагдана. Үүнд:

–        Ганц ба олон тооны нөхцлийг нэр үг ба үйл үгэнд зөв хэрэглэж сургах  /үйл үгийн захиран тушаах хэлбэр /суу-сууцгаа/

–       Дуудлагаараа төстэй үйл үгийг зөв хэлүүлэх /хазах-хасах, сэлэх-сэрэх/

–       Ойролцоо нөхцөл байдал бүхий үйлдлүүдийг нарийвчлан ялгаж сургах /оёх-нэхэх-хатгах, хэвтэх-унтах/

–       Эсрэг үйлдлүүдийг илэрхийлсэн үгийг ялган ойлгуулах /өмс-тайл, нээ-хаа, асаа-унтраа/

Идэвхгүй үгийн баялаг хэрхэн нэмэгдэж буйг хүүхэд өгсөн үгэн зааврын дагуу хариу үйлдэл хэрхэн хийж байгаагаар мэдэж болно. Үүний тулд хөгжим, гар хөдөлмөрийн хичээл болон аялал зугаалга зэргийг хүүхдийн сонирхол, анхаарлыг татахуйц, хөгжилтэй хэлбэрээр зохион байгуулж үүндээ идэвхтэй оролцуулбал илүү үр дүнтэй.

Бие даасан яриаг хөгжүүлэх ажил нь хүүхдийн идэвхтэй үгийн нөөцийг нэмэгдүүлэхэд чиглэгдэн явагдана. Үгээр харилцаа-танин мэдэхүйн хэрэгцээг илэрхийлэх нөхцөл байдлыг бүрдүүлэн ажиллана. Бий болсон шинэ авиа үг хэллэгийг нь янз бүрийн өнгө аяс, хурдтайгаар олон дахин давтан хэлүүлнэ./тоглоомын хэлбэрүүдийг ашиглан/

Хүүхдийн өмнө заавал зөв авиан дуудлагаар ярих шаардлага тавихгүй харин ойр дотны хүмүүсээ нэрлэх /аав, ээж, эмээ, ах/, энгийн нэрээр дуудах /Нараа, Ганаа /, энгийн хялбар дохио зангаа хэрэглэн хүсэлтээ илэрхийлж /май, өг, ав/ сургах нь зүйтэй.

Хүний хэлснийг даган дуурайж хэлж чаддаг болсны дараа эхлээд үе дараа нь 1-2-3 үетэй үг /ном-муур/, төгсгөл нь ижил дуудлагатай үг /зараа-бараа,/ ялгаж хэлүүлэх, хандаж хүссэн /ээжээ,өг/, заасан /энэ муур/, захирсан /ном өг/ хэлбэрийн богино өгүүлбэрээр яриулах зэрэг ажлуудыг явуулна.  1,2,3-р биеийн төлөөний үгийг зөв хэрэглэх /би, чи, бид, тэд, та нар/, асуултанд богино өгүүлбэрээр хариулах зэрэг аман ярианы энгийн хэлбэрт сургана. Энэ нь энгийн харилцан яриагаар ярьж сургах ажлын эхлэл болно.

Авиа, үг хэллэгийг зөв хүртэж ойлгох чадварыг хөгжүүлэхийн тулд дараах дасгалуудыг хийлгэнэ. Үүнд:

–       Үгнүүдээс өгөгдсөн үгийг ялгах /хэл засалч машин, хашаа, саван гэсэн үг хэлэхэд хүүхэд саван гэсэн үг сонсвол алгаа ташна/

–       Ойролцоо дуудлагатай үгийг ялгуулах /сар-сал, савар-шавар/

–       Ижил төстэй дуудлагатай үгнээс бүтсэн өгүүлбэрийг ялгах /Бат сэлэв. Бат сэрэв./ гэх мэт.

Сонсголын ог хөгжүүлэх ажлыг давхар явуулах ба үүний тулд 2-3 үйлдэл бүхий үгэн зааврыг дэс дараагаар гүйцэтгүүлэх, 3-4 зураг харуулж тогтоолгох зэрэг даалгавруудыг гүйцэтгүүлж болно.

Хэл заслын хичээл бүр дээр өгүүлэх эрхтний дасгалыг сайн хийлгэж, тухайн авиаг дуудах үеийн өгүүлэх эрхтний зөв байрлалыг тогтоолгох ажлыг явуулна. Мөн үгийн үеийн бүтэц дээр ажиллах нь үгийн зөв дуудлагыг зүгшрүүлэхэд ихээхэн үр дүнтэй байдаг. Үүнд:

– ижил үеүдийг хэлүүлэх /да-да, да-да, со-со, со-со/

– өөр өөр гийгүүлэчтэй үе хэлэх /ма-ба, ба-ма/

– битүү болон задгай үе хэлэх /нан-ан/ гэх мэт. Үеэр таслан хэлэхдээ алгаа таших гэх мэт хэмнэлтэй хөдөлгөөн хийнэ.

Хэл ярианы хөгжлийн II түвшингийн хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх сургалт хүмүүжлийн ажил нь:

  • Үг хэллэг, хэл яриа, түүний хэлбэрүүдийг ойлгуулах
  • Үгийн баялгыг нэмэгдүүлэх, дүрмийн энгийн хэлбэрүүдийг ойлгуулах, зөв хэрэглэж сургах дээр үндэслэн аман ярианы энгийн хэлбэрийг хөгжүүлэх
  • Авиаг зөв ялган зөв дуудуулж сургах ба үгийг айзмаар үелэж сургахад чиглэгдэн явагдана.

Засан сайжруулах сургалтын ажлыг хүрээлэн буй орчны юмс, үзэгдлийг сэдэвчлэн судлах үндсэн дээр явуулж тодорхой зүйлийг ойлгуулах, тухайн эд зүйлсийн болон үгийн харьцааг ойлгуулах, үйл хөдлөл, шинж чанарыг үгээр илэрхийлэх чадварыг эзэмшүүлнэ.

Үгийн идэвхтэй болон идэвхгүй нөөцийг нэмэгдүүлэх ажлыг системтэй зохион байгуулан явуулсанаар үгийн утга агуулга, авиа зүй, үг зүй, өгүүлбэр зүйн талаарх ойлголтыг сайн эзэмшинэ. Цаашлаад угтвар, нөхцлүүд, төлөөний үг болон үйл үгийн одоо, өнгөрсөн, ирээдүй цаг /Ах өчигдөр ирсэн. Би маргааш явна. Өнөөдөр миний төрсөн өдөр болж байна/, өгүүлбэрт үйлийн эзний харилцан хамаарлыг зөв тодорхойлох /Туулай охиноос зугтав. Охин туулайнаас зугтав./, байр заасан үгийг зөв ойлгож хэрэглэх /Дэвтрийг номон дээр тавь./, эд зүйлсийг нэгтгэн дүгнэх, задлан ялгах /Юм оёход хэрэглэгдэх зүйлсийг ав./, тийн ялгалын нөхцлийг ялгаж ойлгож сургах /Харандаагаар номыг заа.харандааг үзгээр/ гэх мэт ажлуудыг явуулах нь үг хэллэг, хэл яриаг ойлгох чадварыг хөгжүүлэхэд их үр дүнтэй байдаг.

Аман ярианы энгийн хэлбэрийг хөгжүүлэхдээ энэ шатанд цөөн үгнээс бүтсэн энгийн өгүүлбэрээр яриулах ба өгүүлбэрийн гишүүн тус бүрийн утга, үүргийг сайн ойлгуулах шаардлагатай.

Хүүхдийг асуултанд хариулж, загварын дагуу өгүүлбэр зохиолгож ба мөн эд зүйлсийн хэлбэр хэмжээ, өнгө, амт үнэрийг илэрхийлсэн тодорхойлолтуудыг үг яриандаа хэрэглэж сургана.

Хүүхдэд танил нөхцөл байдал, эд зүйлсийн талаарх ярилцлагыг асуулт-хариултын хэлбэрээр явуулна.

Үгсийн дүрмийн сан нь авиан сонсгол хөгжүүлэх, авиан зөв дуудлагыг зүгшрүүлэх, идэвхтэй ба идэвхгүй үгийн нөөцийг нэмэгдүүлэх явцад хөгжинө.

Хүүхэд асуултанд хариулж, зургаар өгүүлбэр зохиож ярьж сурсанаар жижиг хэмжээний өгүүлэл зохиож ярих чадварт суралцана. Энэ шатанд мөн бага хэмжээний шүлэг цээжлүүлэх ажлыг явуулна.

Хэл ярианы хөгжлийн III түвшингийн хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх сургалт хүмүүжлийн ажил нь:

  • Хэлний үгсийн болон дүрмийн санг ойлгуулж зөв хэрэглэж сургах
  • Хэлний авиан дуудлагыг бүрэн зөв эзэмшүүлэх /өгүүлэх эрхтний хөдөлгөөнийг идэвхжүүлэх, авиаг зөв дуудуулах, үеийн бүтэц, авиан сонсгол хөгжүүлэх/
  • Бичиг үсэгт сургах
  • Алдаагүй, үгийг оновчтой сонгон хэрэглэж зөв найруулгатай яриулж сургахад чиглэгдэнэ.

Хүүхдийг бие даасан ярианд сургах ажил нь авиаг зөв хүртэх, зөв дуудах, үгийн бүтцийг зөв хүртэн ойлгох, зөв задлан ялгах, өгүүлбэрийн бүтэц, үгсийн холбоо зэргийг зөв ойлгох зэрэг дээр тулгуурлан явагдана. Үгийн утга, авиа зүй, үг зүй, өгүүлбэр зүйн талаарх ойлголтыг системтэй үйл ажиллагааны явцад сайн эзэмшүүлснээр хүүхэд бие даан ярих чадварт суралцан харилцаанд чөлөөтэй орох ба сургалтын программыг амжилттай эзэмших нөхцөл бүрдэнэ.

Энэ шатанд мөн хүүхдийн танин мэдэх үйл ажиллагааг хөгжүүлэх, ажиглах, харьцуулах, нэгтгэн дүгнэх, хүрээлэн буй орчны юмс үзэгдлийн харьцааг таньж ойлгуулах ажлыг давхар гүйцэтгэнэ.

Дээрх зорилтуудыг хүүхдийн ахуйн өдөр тутмын үйл ажиллагаа, хүн амьтан, байгалын үзэгдэл, амьдралын үйл явцын талаарх ажиглалт, эд зүйлстэй болон тоглоомтой харьцах харьцаа, тоглоомын явцад хэрэгжүүлнэ.

Хэл заслын хичээл нь үгийн нөөцийг нэмэгдүүлэх, дүрмийн хувьд алдаагүй зөв найруулагатай яриулах зорилгыг агуулсан:

–       Хэлний үгсийн болон дүрмийн санг хөгжүүлэх

–       Найруулгын хувьд зөв яриулах гэсэн 2 хэлбэрээр явагдана.

Хэл заслын хичээлийг хэл ярианы ижил бэрхшээлтэй 6-7 хүүхэдтэй подгруппийн хэлбэрээр явуулна.

Энэ шатанд үг хэллэг, хэл яриаг хөгжүүлэх ажил үргэлжлэн явагдана. Хүүхдийг өөрт нь хандсан яриаг сонсож ойлгож, эд зүйлс, үйл хөдлөлийн нэр, шинж чанарыг нэрлэх, юмс үзэгдлийг гаднах төрх байдал, дотоод мөн чанар, ач холбогдлоор нь ангилан  ялгах, нэгтгэн дүгнэх, 2 үгнээс тухайн нөхцөл байдалд тохирох үгийг сонгох /наах- цавуудах, үсрэх-харайх/ зэрэг ажлуудыг явуулна. Үүний зэрэгцээ хүнд агуулгатай текстийг уншуулж сургана.

Дуудлагаараа төстэй боловч өөр утга санааг илэрхийлсэн үгтэй өгүүлбэрийг /Чаргаар гулгаж байгаа хүүхдийг заа. Хүүхдийн чаргаар хаана гулгуулж байна вэ?/, хамаатуулах тэмдэг нэрийг /Батад харандаа өг. Батын харандааг өг./, эд зүйлсийн болон түүний шинж чанарыг илэрхийлсэн үгийг /Модон сандал-Модоор хийсэн сандал/ зөв ойлгон хэрэглэж сургах хэрэгтэй.

Мөн олон салаа утгатай үгийг яриандаа зөв хэрэглэж сургахдаа утга нь тодорхой, харагдахуйц зүйл дээр хэрэглэгдсэн үгийг эхлээд сонгон ойлгуулах /хүний толгой-хадаасны толгой гэх мэт/ ба тухайн эд зүйлсийг болон түүний зургийг харууж эхлээд тэдгээрт буй нийтлэг зүйлд хүүхдийн анхаарлыг хандуулж тайлбарлана. Ийм төрлийн дасгалыг хэд хэдэн удаа хийлгэсний эцэст хүүхэд өөрөө бие даан салаа утгатай үгийг сонгож чаддаг болно./хүүхдийн хөл-сандал, ширээ, орны хөл гэх мэт/. Мөн үйл үгийн олон салаа утгыг тайлбарлан ойлгуулж зөв хэрэглэж сургана. Үүний тулд тухайн үйл үгэнд төрөл бүрийн нэр үгийг олж сонгож хэлүүлнэ./Нисэж байна-онгоц, шувуу,ялаа,бөмбөлөг нисэж байна. Явж байна-хүүхэд, заан , машин, галт тэрэг явж байна./

Холбоо үг, шилжсэн утгатай үгийг /ширүүн салхи-ширүүн хүн, туулай шиг аймхай-үнэг шиг зальтай/ таниулан зө хэрэглэж сургахдаа шүлэг зохиолын хэсгээс зонгон хэрэглэх нь үр дүнтэй.

Эсрэг утгатай үгийг таниулан ойлгуулахдаа хүүхдэд ойр танил эд зүйлийн тодорхой шинж чанар, төрх байдлыг сонгон чанарын ялгааг харьцуулж  тайлбарлана./өндөр ширээ-намхан ширээ, зузаан ном-нимгэн ном/.

Үгийн баялгийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ үгийн дүрмийн тал дээр ажиллана. Тийн ялгалын нөхцлийг зөв хэрэглэх, тэмдэг нэр, тооны нэрийг жинхэнэ нэртэй зөв зохицуулан хэрэглэж сургах ба дүрмийн алдаагүй зөв яриулж сургах дээрх ажлууд нь хүүхдийн бодит төсөөлөл дээр тулгуурлан сонсголын хүртэхүй, авиан сонсголыг хөгжүүлэхтэй уялдан явагдана.

Болсон үйл явдлын талаар болон зургаар өгүүлбэр зохиож ярьж сурснаар хүхэд цаашид үзсэн харсан зүйлийн талаар зөв найруулан, дэс дараатай ярих чадварт суралцана.

Засан сайжруулах бүхий л ажлын явцад тухайн авиаг үг яриандаа чөлөөтэй зөв хэрэглэх ба түүнийг сонсголоор болон дуудлагаар зөв ялгах чадварыг зүгшрүүлэхэд анхаарч ажиллана.

Энэ шатанд уран яруу, тод ярих чадварыг хөгжүүлэх ба бичиг үсэгт сургах ажил үргэлжлэн явагдана.

Эх сурвалж: Орчуулга / Правдина. “Логопедия” 2014 он