Ялгаварлан гадуурхалт

Олон улсын эрх зүйд нь өөрөөр хандах, онцгойлох, аливаа зүйлийг өөрөөр хандах гэсэн утгатай (Discrimination) англи үгнээс гаралтай бөгөөд эерэг, сөрөг утга агуулдаггүй. Гэхдээ хүмүүсийн хоорондох харилцаанд бол энэ үг сөрөг утгатай, хэн нэгнийг ялгаварласан бол тэр хүнд өөрөөр хандаад зогсохгүй шударга бус байдал гаргасан болдог. Энэ нь ил буюу шууд хэлбэртэй (жишээлбэл бусад хүүхдээс өөр тусад нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулан тусгай байгууламж байгуулах, арга хэмжээ зохион байгуулах гэх мэт), эсвэл далд буюу шууд бус хэлбэртэй (жишээлбэл хууль журмаар бүх хүүхэд хамтдаа нийгмийн харилцаанд оролцохыг дэмжсэн зүйл заалттай ч ямар ч үйлчилгээ үзүүлэхгүй байх, үр ашгийг бусад хүүхдээс өөрөөр хүртэх) байдаг. Ялгаварлан гадуурхалт ямар ч хэлбэртэй байхыг тодорхойлохоос илүүтэйгээр ялгаварлан гадуурхалтын хор уршгийг ойлгох, түүнтэй тэмцэх арга хэлбэрийг мэдэх нь чухал.

Ялгаварлан гадуурхалтаас сэргийлсэн эрх зүй;

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулинд;

4.1.2.“хөгжлийн бэрхшээлээр нь ялгаварлан гадуурхах” гэж хөгжлийн бэрхшээлтэй хүн улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын харилцаанд иргэний үндсэн эрх, эрх чөлөөг бусадтай адил тэгш эдлэх, нийгмийн баялгаас тэгш хүртэх, хөгжилд хувь нэмрээ оруулах, тохирох хэрэглэгдэхүүнээр хангагдах боломжийг үгүйсгэх, хязгаарлах үйлдэл, эс үйлдэхүйг;

6 дугаар зүйл. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг үл ялгаварлан гадуурхах

6.1.Хүн бүр хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран хууль, шүүхийн өмнө эрх тэгш байж, үндсэн эрх, эрх чөлөөгөө эдлэн, нийгмийн баялгаас адил хүртэх эрхтэй. Хүнийг хөгжлийн бэрхшээл болон эрүүл мэндийн байдлаар нь ялгаварлан гадуурхахыг хориглоно.

6.2.Түгээмэл загвар, тохирох хэрэглэгдэхүүн бүхий орчин нөхцөл, үйлчилгээний хүртээмжийг бүрдүүлээгүй байх, бүрдүүлэхээс татгалзах, нийгмийн үйлчилгээг бусдын адил тэгш хүртэх боломжийг хязгаарлах төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг ялгаварлан гадуурхалт гэж үзнэ.

6.3.Хөгжлийн бэрхшээлтэй хүний таатай, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох, улс төрийн эрхээ эдлэхэд энэ хуулийн 6.2-т зааснаас гадна иргэн, хуулийн этгээдийн дараахь үйлдэл, эс үйлдэхүйг ялгаварлан гадуурхалт гэж үзнэ:

6.3.1.нийтийн тээврээр зорчих, дэд бүтэц, орон сууц, олон нийтийн барилга байгууламжид саадгүй хүрэх, нийтийн тээврийн хэрэгслээр чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлээгүй байх;

6.3.2.хөгжлийн бэрхшээлтэй хүн мэдээлэл авах, бусадтай харилцахад шаардлагатай орчин нөхцөлийг бүрдүүлээгүй байх;

6.3.3.хөгжлийн бэрхшээлээс нь шалтгаалан боловсролын үйлчилгээ үзүүлэхээс татгалзах, сурч боловсрох сургалтын орчин нөхцөлийг бүрдүүлэхгүй байх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийгэм, хамт олны дунд бие хүн болж төлөвших, хөгжихийг хязгаарлах, ялгавартай хандах;

6.3.4.хөгжлийн бэрхшээлтэй гэх шалтгааны улмаас зээл, санхүүгийн үйлчилгээ үзүүлэхээс татгалзах;

6.3.5.хөгжлийн бэрхшээлтэй хүний нөхөн үржихүйн эрхийг өөрийн нь зөвшөөрөлгүйгээр хязгаарлах;

6.3.6.төрийн бодлого, шийдвэрийг боловсруулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд нь хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үйл ажиллагаанд оролцуулахаас татгалзах, зайлсхийх, сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэхгүй байх.

6.4.Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөрлөх эрхээ эдлэхэд энэ хуулийн 6.2-т зааснаас гадна иргэн, хуулийн этгээдийн дараахь үйлдэл, эс үйлдэхүйг ялгаварлан гадуурхалт гэж үзнэ:

6.4.1.ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцуулахаас татгалзах, сонгон шалгаруулалтад тэнцсэн хүнийг хөгжлийн бэрхшээлийн улмаас ажилд авахаас татгалзах;

6.4.2.хөдөлмөр эрхэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүний албан тушаал ахих, дэвших боломжийг хязгаарлах;

6.4.3.байгууллага, аж ахуйн нэгж нь ажиллагсадыг хөгжлийн бэрхшээлээр нь ялгаварласан дүрэм, журам, удирдлагын арга барилыг хэрэглэх, ашиглах;

6.4.4.гэр бүлийн гишүүн нь хөгжлийн бэрхшээлтэй гэсэн шалтгаанаар хүнийг ажилд авахаас татгалзах, чөлөөлөх, бусад хэлбэрээр ажил, хөдөлмөр эрхлэх эрхийг нь хязгаарлах;

6.4.5.хөгжлийн бэрхшээлтэй хүний мэдлэг ур чадвар, онцлогт тохирсон ажлын байрыг зохион байгуулахаас татгалзах, цалин хөлсийг ялгавартай тогтоох;

6.4.6.хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлогт тохирсон ажлын байрны тохирох хэрэглэгдэхүүн бий болгохгүй байх.

6.5.Дараахь үйлдлийг бусад ялгаварлан гадуурхалт гэж үзнэ:

6.5.1.хүнийг хөгжлийн бэрхшээлээр нь доромжлох, тохуурхах, хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй гэр бүл, эцэг эхийг гадуурхах, олон нийтэд хөгжлийн бэрхшээлийн талаар буруу ойлголт төрүүлэхүйц мэдээлэл, зар сурталчилгаа явуулах, соёл урлагийн бүтээл хийх, хүний сүсэг бишрэл, итгэл үнэмшилд суурилан хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхэд халдсан аливаа зөвлөгөө өгөх;

6.5.2.гэр бүлийн гишүүд нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийгмээс тусгаарлах, нуух түүнийг нийгмийн харилцаанд оролцохыг аливаа хэлбэрээр хязгаарлах, хөгжүүлэх чадваржуулах үйлчилгээнд хамруулахаас зайлсхийх;

6.5.3.хөгжлийн бэрхшээлээс нь шалтгаалан хүнийг үр хүүхдээ асрамжиндаа авах эрхийг хязгаарлах.

6.6.Төрөөс хүнийг хөгжлийн бэрхшээлээс нь шалтгаалан бүх хэлбэрээр ялгаварлан гадуурхахыг хориглосон, ялгаварлан гадуурхалтад өртөхөөс нь хамгаалсан нийгэм, эдийн засаг, хууль зүйн олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

6.7.Төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээд нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийгмийн харилцаанд эрх тэгш, бүрэн дүүрэн оролцохыг баталгаажуулах зорилгоор тэднийг тохирох хэрэглэгдэхүүнээр хангах арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлнэ.

6.8.Хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн амьдралд тэгш оролцох эрхийг нь бодитой хангах зорилгоор онцлогт нь тохируулан авч хэрэгжүүлж байгаа тусгай арга хэмжээг ялгаварлан гадуурхалт гэж үзэхгүй.